Шууд Chart

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

2018-06-20 09:18:53

Хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзориг зарчмын зөрүүтэй санал гаргасан.

Тэрбээр Нийгмийн даатгалын, Нийгмийн халамжийн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдлагыг тухайн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлагатай зөвшилсөн тухайн шатны Засаг дарга томилох нь Төрийн албаны тухай хуультай нийцэхгүй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Улстөрийн албан тушаалтан болох Засаг дарга төр албан хаагчийг томилох нь зарчимд нийцэхгүй хэмээсэн бөгөөд дээрх байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн асуудлыг эрхэлсэн төв байгууллагын удирдлага томилж, чөлөөлөх нь зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй саналыг гаргасан.

Тухайлбал, “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр тусгасныг Засаг даргатай зөвшилцөн асуудал эрхэлсэн байгууллагын удирдлага томилж чөлөөлөхөөр гишүүн саналдаа тусгажээ.

Зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.


Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй