Шууд Chart

АН-ын бүлэг дэгийн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс завсарлага авлаа

2018-06-20 18:00:08

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг тус Байнгын хорооны энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

   Төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад гишүүдээс хоёр хуулийн төслийг нэгтгэн нэг төсөл болгож дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх санал гаргасныг төсөл санаачлагчид дэмжсэн тул Улсын Их Хурлын даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд намын бүлгүүдээс санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Л.Болд, Б.Баттөмөр, С.Жавхлан, Ж.Мөнхбат, Н.Энхболд, Ж.Эрдэнэбат нар багтаж ажиллажээ.

    Ажлын хэсэг хоёр өдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн санаачилсан төсөлд суурилан хоёр төслийг нэгтгэн боловсруулж зарчмын зөрүүтэй зарим саналын томъёолол бэлтгэсэн талаар ажлын хэсгийн ахлагч танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат ажлын хэсэг ийм чухал хуулийн төсөлд түргэн түүхий хандаж болохгүй, цаг хугацааны хайчинд хавчигдаж дутуу дулимаг боловсрогдсон хууль гаргаж таарахгүй. Дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудлаар гишүүн бүр ойлголттой, бүрэн гүйцэт мэдээлэлтэй, нэгдсэн байр суурьтай болох шаардлагатай. Иймээс ажлын хэсгийн байр суурь, саналын томъёоллуудтай танилцаж, намын бүлгээрээ ярилцаж байр сууриа нэгтгэн шаардлагатай байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм.  

   Мөн ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан нарын асуултад ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, ажлын хэсгийн гишүүн Я.Санжмятав нар хариулт өгсөн. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан  хариултдаа, дэгийн хуулийн өөрчлөлтийн асуудал нь цоо шинэ сэдэв, шинэ хуулийн төсөл биш, гишүүдийн байнга ярьдаг асуудлын нэг. Энэ чиглэлээр 7 удаа томоохон судалгаа хийгдсэн байдаг. Хуралдааны тодорхой хугацаанд суугаагүй гишүүнийг эгүүлэн татах, мөн Байнгын хорооны хуралдаанд тодорхой хугацаанд оролцоогүй гишүүнийг тухайн Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргах зэрэг төслийн зарим томъёолол нь гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байна гэж ажлын хэсэг үзээд хасахаар тогтсон. Дэгээ сайжруулж боловсронгуй болгоход анхаарч төслийг шуурхай батлаад ирэх намрын чуулганаас шинэ дэгээр ажлаа эхлэх хэрэгтэй байна гэдгийг хэллээ.

    Түүнчлэн ажлын хэсгийн гишүүн Я.Санжмятав ажлын хэсэг нэлээд шахуу ажиллаж байр сууриа нэгтгэж ойлголцсон. Парламентын нэр хүнд олон нийтийн дунд унаад байгаа ийм үед гишүүд үүрэг, хариуцлагаа ухамсарлаж дэгийн хуулийн өөрчлөлтөд ажил хэрэгч, шуурхай хандах нь зүйтэй гэдэг дээр ярилцаж тогтсон. Парламент, гишүүдэд хүндрэл учруулахаар зарим заалтыг хасахаар тохирсон. Хариуцлагын асуудлыг одоо хийхгүй, ирэх намар, арван сард хийнэ гэвэл оройтно. Тиймээс шаардлагатай бол бүлэг дээр ярилцаад хуулийг аль болох хурдан батлахад анхаармаар байна гэлээ.

    Харин энэ асуудалтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Дэгийн хуулийн өөрчлөлт нь хариуцлагыг хаа сайгүй дээшлүүлэх тухай ярьж байгаа ийм үед хариуцлага, сахилгын асуудлыг Улсын Их Хурал, гишүүд өөрсдөөсөө эхэлж гишүүдийн оролцоо, идэвхийг сайжруулах, эрх зүйн орчин нөхцөлөө боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа. Тэгээд ч хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон асуудал. Ажлын хэсгийг шуурхай ажиллуулж, дэгийн хуулийн өөрчлөлтөө энэ хаврын чуулганаар батлаад намрын чуулганаа шинэ дэгээр эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр намын бүлгүүд тохиролцсон. Тиймэс Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг санал, дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулах ёстой. Хэрэв энэ удаагийн чуулганаар төслийг хэлэлцэн баталж амжихгүй бол ээлжит бус чуулган хийж батлахаас өөр аргагүйд хүрнэ гэдгийг хаана хаанаа анхаарах нь зүйтэй. Намрын чуулган шинэ дэгээр эхлэх ёстой” гэдгийг гишүүдэд сануулав.

    Хуралдааны эцэст Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат намын бүлэг ирэх Даваа гарагт нэгтгэсэн төслүүдийн талаар ярилцана, тэгэхээр Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Ингээд АН-ын бүлэгт тав хүртэл хоногийн завсарлага өгөхөөр болж,  хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлууллаа.


АН-ын бүлэг дэгийн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс завсарлага авлаа  
Үзсэн: 1219 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй