
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр танилцуулав.
Засгийн газраас энэ оны 05 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг мөн сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэл өгсөн юм. Иймээс эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.
Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон юм. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд хуулийн нэр томьёог бусад хуульд нийцүүлэх, орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэгтэй холбогдох албан тушаалтнуудын эрх, үүргийг нарийвчлах, давхцалыг арилгах, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоход чиглэсэн зохицуулалтыг оруулсан байна. Ингээд тус Байнгын хорооноос гарсан Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 28, дагалдах төслийн талаар зарчмын зөрүүтэй нэг саналын томъёолол тус бүрээр санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь улсыг батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлж, бэхжүүлэхэд чиглэсэн орон нутгийн хамгаалалтын харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулахаар болов.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг “Энэ хууль нь батлан хамгаалах тогтолцооны нэгдмэл байдлыг хангахад орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх бүх шатны төр, засаг, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарна” гэж өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “Орон нутгийн хамгаалалтыг зэвсэгт хүчний үйл ажиллагаа, улсын болон цэргийн дайчилгааны бодлого, төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулна” гэж, төслийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг “Орон нутгийн байршил, газар зүйн онцлог, хүчин зүйлээс хамаарч энэ хуулийн 9.4-т зааснаас бусад үүрэгтэй томилгоот нэгжийг байгуулж болно” гэж тус тус өөрчлөн найруулахаар тогтлоо. Үүнээс гадна төслийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариас хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналыг дэмжлээ.
Үргэлжлүүлэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонслоо. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх шатанд Байнгын хорооноос боловсруулсан зарчмын зөрүүтэй 22 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Үүгээр батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.