Шууд Chart

Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа

2018-06-21 15:53:22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

Тус Байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.” гэж заасны дагуу эдгээр хуулийн төслийг боловсруулж, хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг эшлэсэн Банкны тухай болон Улс төрийн намын тухай хуулиудын холбогдох заалтад тусгасан эшлэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, мөн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг зохицуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасан байна. Иймээс Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн. Ингээд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8-80 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.

Дараа нь “Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулж, өчигдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөлд Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн холбогдох хуулийн төслийг 2019 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой арга хэмжээг судалж танилцуулах, багц хуулийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах ажлыг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгажээ.

Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн тул тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн юм.


Хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа  
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй