Шууд Chart

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2018-06-22 09:45:10

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд саяхан нийслэлийн 79 дүгээр сургууль дээр гарсан эмгэнэлт явдлыг дурдаад, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулав. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа  хариултдаа болсон хэрэг явдалд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгааг тодотгохын зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудын барилга хуучирч муудсан нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд асуудал үүсгэж байгааг онцлов. Цаашлаад 2019, 2020 оны улсын төсвийг хэлэлцэхэд сургууль цэцэрлэгийн засвар, хөрөнгө оруулалтад анхаарч, дэмжлэг үзүүлэхийг гишүүдээс хүссэн.

Ингээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төсөлд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлд 18.3 Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргыг  Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө”, 18.4 хэсэг “Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэж тус тус нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,9 хувь нь дэмжив. Иймд Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.


Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ   
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй