
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт танилцуулав.
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.2.52-т “Биеийн тамир, спортын эрх зүйн орчинг боловсронгуй болгож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, үндэсний спортын өв соёлыг хөгжүүлэх, өвлөн уламжлах бодлого, тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлнэ” гэж заасан аж. УИХ-аас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оноос эхлэн мөрдөж байгаа.
Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна. Мөн УИХ-аас 2015 онд баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн 8.4-д “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна” гэж заасан байдаг. Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заажээ. Иймд УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор баталсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, хариулт авав. Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа хариултдаа, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Монгол Улсын 330 сум бүрд арга зүйчид ажиллаж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх болсныг дурдаад, цаашлаад тив, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их спортын тамирчдадаа спортын холбоогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх, шаардагдах хөрөнгийг нь улсын төсөвт суулгаж, 2020 оны Токиогийн олимпт оролцох баг тамирчдыг бэлтгэх албан ёсны үндэсний зөвлөл байгуулж, Засгийн газрын хуралдаанаар асуудлыг тухай бүрт шийдвэрлэнэ гэдгийг онцолж байлаа.
Ингээд “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 76,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.