
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас “Арьс, ширний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, дэд бүтцийг байгуулах, нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонслоо.
УИХ-ын гишүүний Ерөнхий сайдад тавьсан асуулгатай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийсэн.
УИХ-ын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140.4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаасыг гаргаж арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн аж.
Засгийн газрын 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 198 тоот тогтоолоор 30 тэрбум төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 217 дугаар тогтоолоор “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төсөлд зээл олгохоор нийт 110.4 тэрбум хүртэл төгрөгийн эх үүсвэрийг баталж арилжааны банкуудаар дамжуулан зээл олгохоор тогтсон байна.
Хөнгөлөлттэй зээлийг 2014 оны 9 сараас олгож эхэлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 57 үйлдвэрт нийт 86 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогджээ.
Нийт зээлийн 69 хувийг эргэлтийн хөрөнгөд, 28 хувийг тоног төхөөрөмж шинэчлэхэд, 3 хувийг үйлдвэрийн барилгаа өргөтгөхөд зарцуулсан байна.
Дээрх УИХ-ын 74 дүгээр тогтоолоор арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга хэмжээг 2017 онд багтаан үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан бөгөөд ХХААХҮ-ийн сайд Нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэд “Эмээлт хөнгөн үйлдвэрийн ҮТП” ОНӨТААГ-ыг 2014 онд байгуулсан байна.
Дээрх үйлдвэрийн бүсийг үйлдвэрлэл технологийн паркийн хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэж ажлыг гүйцэтгэж, холбогдох зураг төсөл, баримт бичгүүдийг боловсруулан батлуулжээ.
Бүтээн байгуулалтын хувьд барилга угсралтын үеийн цахилгаан хангамжийн эх үүсвэрийг байгуулаад байгаа ажээ. Түүнчлэн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 жилийн хугацаатай олгосон байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, үйлдвэрүүдийн хэтийн төлөвлөлт, хөгжлийн чиглэлээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлэн “Эмээлт хөнгөн үйлдвэрийн ҮТП”-ын хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллаж байгаа юм байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч, асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо | ||
Үзсэн: 1174 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.