Шууд Chart

Салбарын хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2018-06-27 09:50:10

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн (2018.06.26) хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэл өгсний дагуу Байнгын хорооны тогтоолоор батлан хамгаалах салбарын энэ хоёр хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ.

Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг найруулгын чанартай нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив.

Дараа нь Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхэд гишүүдээс мөн асуулт, санал гараагүй. Харин Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг найруулгын чанартай нэг санал гаргасан нь гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хуулийн төслүүдийг батлуулахаар тогтов.


Салбарын хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 813 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй