
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Хуралдаанд Үндсэн хуулийн цэц, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбарынхаа эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг танилцуулав.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт хөрөнгө 559,619.8 сая төгрөг болж, 2016 оноос 9.5 хувиар хэмнэгдсэн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланд хуульд заасан хугацаанд аудитын дүгнэлт гаргуулж, зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт авчээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Б.Пүрэвдорж, О.Батнасан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс тус салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагуудын удирдлагуудаас тулгамдаж байгаа асуудлыг илүүтэй лавласан.
Хууль, хүчний байгуулагуудын удирдлагын хувьд, “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас 2017-2019 онд өндөр насны тэтгэвэрт гарах 2 төрийн албан хаагч тутамд 1 албан хаагчийг нөхөн томилох, энэ хугацаанд бусад салбарт төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй” байхаар зааснаас үүдэлтэйгээр салбарын боловсон хүчний асуудалд хүндрэл дагуулж байгаа талаар санал хэлж, мөн барилга байгууламжууд хуучирч муудсан, автомашины парк шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг 2019 оны төсөвт нэмэх талаар анхааралдаа авахыг гишүүдээс хүсч байлаа.
Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтов.
УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.