
УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өчигдрийн /2018.06.26/ хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэнээр үргэлжлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7 дахь заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцэд хамаарах эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан байдаг. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.” гэж, мөн зүйлийн 5.1.1 дэх заалтад “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг” ойлгоно гэж тус тус зааж Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1 дэх заалтад “Засгийн газар” багтана гэж үзэн, Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах буюу үйлчлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч байгаа аж.
Засгийн газраас гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.” гэж, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.” гэж, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай зөрчилдөж байгаа болно. Үндсэн хуулийн дээрх үзэл санааг баталгаажуулж Засгийн газрын шийдвэр Захиргааны хэргийн шүүхийн хяналтанд байх эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц 2005 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 02 тоот Дүгнэлт гаргасан байна.
Хуулийн төслөөр Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, түүний тайлбар болон 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтаар үүссэн ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Л.Мөнхбаатар, Ж.Батзандан, Ш.Раднаасэд, С.Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхдээ Ажлын хэсэг дээр нарийн нягтлан судалж, улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаа гэдгийг тодорхой болгох шаардлагатай байна гэсэн саналыг хэлж байлаа.
Ингээд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 68.7 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив | ||
Үзсэн: 921 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.