
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.06.27) хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнууд, Сангийн яамны ажлын хэсэг, Үндэсний аудитын газрын төлөөллүүд оролцсон юм.
Тогтоолын төслийн талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийлээ. Сангийн сайд танилцуулгадаа, 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн дүн 7.3 их наяд төгрөгт хүрч, 108.8 хувийн биелэлттэй, зарлага 9.0 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 6.4 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангаж байгааг дурдлаа.
Харин улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого болон тусламжийн дүн 5.2 их наяд төгрөгт хүрч, 109.4 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч, 96.2 хувийн биелэлттэй гарсан. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр улсын төсвийн зарлага 7 их наяд 139.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 281 тэрбум төгрөгөөр бага гарч, өмнөх оны гүйцэтгэлээс 254.6 тэрбум төгрөгөөр буурсныг танилцуулав.
Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг 158 төсвийн захирагч, 9 аж ахуйн нэгжийн 2017 оны санхүүгийн тайланг нэгтгэж гаргахад төсвийн гүйцэтгэл 15.6 тэрбум төгрөгөөр дутуу, санхүүжилт өмнөх оноос 9 тэрбумаар өссөн дүнтэй гарсан байна.
Харин Үндэсний аудитын газраас 2017 онд батлагдсан сэдвийн хүрээнд төрийн өмчит 128 аж ахуйн нэгжид санхүүгийн аудит хийж, санхүүгийн тайланг нэгтгэхэд 68 хувь нь ашигтай ажилласан байна. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний 10 байгууллагын тайланг нэгтгэж дүгнэхэд зөрчилгүй гэсэн дүнтэй гарчээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Иймээс тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 1499 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.