Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

2018-06-28 06:36:55

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.27) хуралдаанаар “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа. Гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт, тодруулга хийгээгүй, иймд дээрх төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх горимын саналыг дэмжсэн тул УИХ-ын 95 дугаар тогтоолоор батлагдсан “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох тухай төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүд 74.5 хувийн саналаар дэмжснээр “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоол батлагдсан юм. 

Үүний дараа “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар нараас тогтоолын төслийн 1 дэх заалтын 1, 4, 5 дахь заалтын дэд заалтуудыг өөрчлөн найруулах, бүтээн байгуулалтын ажилд ус ашиглах тухай дэд заалт нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн байна. УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нар “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, УИХ-ын 2010 оны 39 дэх тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтын “охин” гэснийг, мөн “орд ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах” гэснийг хасах санал гаргасныг Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн аж. 
 
Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, А.Сүхбат, Н.Тэмүүлэн нар ард түмнээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг хувьчлахтай холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийг оролцуулахгүй байгааг, уурхайн ус ашиглалтын талаарх судалгаа, төлөвлөлт, боломжийн талаар, “Эрдэнэс Монгол” компанийг хувьчлахтай холбоотой гишүүдийн саналын талаар тодруулан Д.Сумъяабазар сайд болон Ажлын хэсгээс хариулт авлаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан IPO гаргахтай холбоотой тооцоо, судалгааны талаар тодруулахын зэрэгцээ эхний ээлжинд бэлтгэл ажлыг хангаад энэ талаар УИХ-д танилцуулсны дараа шийдвэр гаргах тухайд Ажлын хэсэг ямар байр суурьтай байсныг асуун хариулт авсан юм. Мөн Х.Болорчулуун гишүүн үнэлгээтэй холбоотой асуудлаарх байр сууриа илэрхийлсэн бол Л.Энх-Амгалан гишүүн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, шийдвэр гаргахад оролцоог хангахтай холбоотой асуудал болон IPO  гаргахтай холбоотойгоор компанийн засаглалыг сайжруулах шаардлагын талаар санал хэллээ. Мөн компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор IPO гаргахыг хүлээлгүй дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэв. Ийнхүү гишүүд асуулт, тодруулга хийж хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авч, “Эрдэнэс Монгол” компанийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг нягтлах шаардлагатай гэлээ. Ийнхүү тус бүлгийн хүсэлтийг хүлээн авч ажлын хоёр өдрийн завсарлага өгөхөөр УИХ-ын дарга шийдвэрлэсэн юм.

УИХ-ын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй