УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 18 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Х.Нямбаатар нарын гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс төрийн чухал албаны босоо тогтолцоог хэт хавтгайруулж хэвтээ болгож байгаа нь эргээд төрийн бодлого алдагдах, хуулийн хэрэгжилт хангалтгүй байх үр дагавар дагуулдгийг анхааруулж байлаа.
Дараа нь Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураасан. Хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “6.2. Аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээнийн нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлнө” гэж өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 75,6 хувь нь дэмжсэн.
Ингээд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн Байнгын хорооны саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
| Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав | ||
| Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.