
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санаачилсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн санаачилж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан.
Байнгын хорооны хуралдаанаар төслийн зарим заалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, УИХ-аар хууль тогтоомжийн төсөл хэлэлцэх дэгтэй холбогдсон зарим заалтыг тодруулах талаар Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх журамтай холбогдсон өөрчлөлтийг бүхэлд нь хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа онцлов.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар хуулийн төслийн хэрэгжих хугацаа, ирцийн асуудлаар УИХ-дахь намын бүлгүүд хариуцлага хүлээх эсэх, хурууны хээгээр санал өгөх боломжийн талаар тодруулсан.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн хариултдаа, хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх тул УИХ-ын 2018 оны намрын чуулганаас шинэ дэгээр хуралдах болно гэдгийг тодотгохын зэрэгцээ гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх болсон нь шинэ шатанд гаргаж байгаа явдал гэдгийг онцлов. Мөн тэрбээр, дэлхийн 100 гаруй орны парламентад гишүүд нь картаар ирцээ бүртгүүлж, санал өгдөг тогтолцоотой байгаа бөгөөд ердөө 10 гаруй хувь нь хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг. Хурууны хээгээр санал өгөх техник хэрэгсэл авахад зайлшгүй хөрөнгө, мөнгө багагүй шаардагдаж байгаа гэдгийг хариултдаа тодотгов.
Ингээд хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээс Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тухайлбал, төслүүдийг нэгтгэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүний өргөн мэдүүлсэн төслийг суурь болгож хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Мөн төслийн 2 дугаар зүйлд 8.6 дахь хэсгийн “бөгөөд санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол түүнийг огцруулах, төрийн албанаас халах үндэслэл болно” гэснийг хасах, “төслийн 2 дугаар зүйлд “10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Хэлэлцэх асуудалтай холбогдолгүй болон хууль зөрчсөн асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахгүй гэсэн өгүүлбэр,” нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн “2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс” гэснийг “2019 оны 04 дгээр сарын 05-ны өдрөөс” гэж өөрчлөх санал дэмжигдлээ.
Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж дууссны дараа хуулиудын нэгтгэсэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.