Шууд Chart

Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэв

2018-06-29 06:02:30

Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы 2018 оны 6 сарын 28-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, сүүлийн үед хүүхэд багачуудын эрүүл, амьд явах эрх ноцтой зөрчигдсөн хэргүүд дараалан гарч, нийгмийг бухимдуулж, цочроож байгаатай холбогдуулан хүүхэд хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй аюулгүй орчин бүрдүүлэх талаар үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч хэлсэн үгийнхээ эхэнд, хариуцлагагүй албан тушаалтан, аж ахуй эрхлэх цалгар назгай хандлага, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах асуудалд хойрго ханддаг түгээмэл үзэгдлийн золиос болж цаг бусаар амь үрэгдсэн бяцхан үрсийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, сүүлийн үед дараалан гарсан эмгэнэлт хэргүүд нь хүүхэд хамгааллын бодлого орхигдсон, хүүхдийн хүчирхийллийн эсрэг төрөөс дорвитой үйл ажиллагаа явуулахгүй байгаа, асуудлууд далдуур хуримтлагдан ужгирч, бугшсаны ил гарч буй үзэгдлүүд юм гээд энэ талаар зарим тоо баримт дурдав.  Тухайлахад, 2017 онд 1692 гэмт хэргийн улмаас 1752 хүүхэд хохирч, 2018 он гарсаар гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 40 хувиар өсчээ. Өнгөрсөн жил золгүй байдлаар 127 хүүхэд нас барсны 55 нь зам тээврийн осолд өртсөн байна. Мөн өсвөр насныхан амиа хорлосон тохиолдол сүүлийн 4 жилд 200-гаад удаа гарчээ.

Энэ бүхний нийгмийн уг үндэс, шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, хууль хэрэгждэггүй, төрийн албанд бүхэлдээ хариуцлагагүй байдал газар авсантай холбоотой. Энэ бүх хариуцлагагүй, золгүй явдлууд нь хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс дорвитой бодлого, шийдэл гаргахгүй, хариуцлагын тогтолцоог ажиллуулахгүй байгаагийн үр дагавар гэж үзэхээс өөр тайлбар олдохгүй байна гэдгийг тэрбээр хэлээд энэ үүднээс дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа. 

Үүнд, нэгд, Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд хамгааллын стандартыг мөрдүүлэх, ээлтэй орчин бүрдүүлэх  хэм хэмжээг бий болгох талаар заасан ч өнөөдрийг хүртэл стандарт, хэм хэмжээгээ боловсруулаагүй, мөрдлөг болгоогүй байгааг анхааралдаа авч нэн яаралтай горимоор стандартыг боловсруулж батлах, хэрэгжүүлэх журмыг гаргах, мөрдүүлэх. Хоёрт, МХГ, БСШУЯ, Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхэд хамгааллын зөвлөл, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд холбогдох байгууллага, бүтцүүд хамтран сургууль, цэцэрлэг, сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэн 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тайлагнах.

Гуравт, Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад 4 мянган хүн тутамд нэг хэсгийн байцаагч ажиллах жишиг норматив тогтоосон. Гэтэл өнөөгийн байдлаар 17 мянгаас 19 мянган хүүхдэд нэг цагдаагийн албан хаагч ногдож байна. Энэ нь цагдаагийн албан хаагчдын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд цаг, хүч хүрэлцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс төсвийн боломж муу байгаа нөхцөлд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, иргэдийн нөхөрлөл, сүлжээг бүрэлдүүлэн туслалцуулах, энэ талаарх Япон болон Зүүн өмнөд Азийн орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх.

Дөрөвт, эцэг эх, асран хүмүүжүүлэгчдэд хандсан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх анхааруулга, санамж, сургалт зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулж, өрнүүлэх ажлыг хүүхдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэх үүрэгтэй төрийн байгууллага, албан тушаалтнуудын зүгээс өрнүүлэхийг уриалав.

Тавд, хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх.

Зургаад, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиудад заасны дагуу эдгээр хуулиудад үнэлгээ хийлгэж, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхтэй холбоотойгоор амьдралаас урган гарсан зүйлсийг хуульд нэмж суулгаж өгөх ажлыг Улсын Их Хурал, түүний бүтцийн байгууллагууд нэн яаралтай хийх шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн “60 тэрбумын” гэх тодотголтой асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байж чуулганы хуралдааныг завсарлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэв  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй