
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Түр хорооны даргыг сонгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан юм. УИХ-ын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар тогтоолоор төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж санал боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хороог УИХ-ын 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.
Цахим бодлогын түр хорооны өчигдрийн хуралдаанаар түр хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн А.Ундраа тус түр хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, М.Оюунчимэг нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв. Ингээд УИХ-ын гишүүн Н.Учралыг Цахим бодлогын түр хорооны даргаар сонгохыг дэмжих санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 51 нь буюу 91.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанд тооцов.
Дараа нь Прокурорын зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь нь дэмжсэн юм.
Цахим бодлогын түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.