
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг асуудлыг бүх Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлснийг тус дэд хороо нэгтгэж, хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргасныг дэд хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын нэгдсэн төсөв 2017 оны гүйцэтгэлээр 7,274.9 тэрбум төгрөгийн нийт тэнцвэржүүлсэн орлоготой, 9,017.3 тэрбум төгрөгийн нийт зарлагатай, 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Засгийн газрын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар 45,522.0 тэрбум төгрөгийн нийт хөрөнгөтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 14,362.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнээс үндсэн хөрөнгийн хэмжээ 25,806.0 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 12.546.3 тэрбум төгрөгөөр буюу 94.6 хувиар өссөн байна. Үүнд, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 12.0 тэрбум ширхэг хувьцааг 11,196.0 тэрбум төгрөгөөр биет бус хөрөнгөд бүртгэснээс гадна машин, тоног төхөөрөмж 521.2 тэрбум төгрөгөөр, автотээврийн хэрэгсэл 45.7 тэрбум төгрөгөөр, тавилга, эд хогшил 22.7 тэрбум төгрөгөөр, мөн бараа материал 628.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зардлыг хэмнэх, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг төсвийн өрөнхийлөн захирагчид мөрдөж ажиллахгүй байгаа нийтлэг зөрчлүүд давтагдсаар байна. Төсөв, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед тэвчиж болох дээрх зардлуудыг төлөвлөсөн дүнгээс нэмэгдүүлж байгаад Засгийн газар дүгнэлт хийж, зохих арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэнээ дэд хороо санал, дүгнэлтдээ дурджээ.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтэд 2017 онд 779.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас 715.7 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгож, 64.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ашиглаж чадаагүй байна. Хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг төсөл, арга хэмжээний тоогоор авч үзвэл 80.7 хувийн, санхүүжилтийн эх үүсвэрийг ашигласан байдлаар авч үзвэл 91.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, хяналт хангалтгүй байгааг харуулж байгаагаас гадна худалдан авах ажиллагааг хууль, журам зөрчиж, хугацаа алдаж зохион байгуулж байгаатай холбоотой гэж үзэж байна. Тухайлбал, 2017 онд шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийн 31.4 хувийг оны эхний хагаст, 30.4 хувийг 3 дугаар улиралд, 38.2 хувийг 4 дүгээр улиралд сонгон шалгаруулсан байна. Цаашид зураг, төсөв нь баталгаажаагүй, нэр, байршил, хүчин чадал зөрүүтэй, хэрэгцээ шаардлага нь тодорхойгүй төсөл. арга хэмжээг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн гадаад зээл, тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн зорилго, ашиглалт, үр өгөөж хангалтгүй, төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо сул, зээлийн зарцуулалтын талаарх нэгдсэн мэдээлэл хангалтгүй байгаад анхаарал хандуулж, Улсын Их Хурлаас гадаад зээл, тусламжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан, дүнг 2018 оны намрын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж дэд хороо үзжээ.
Цаашид орон нутгийн төсвийн суурь зардлын бодит хэрэгцээ, онцлогт тохирсон норм, норматив тогтоож, орон нутгийн суурь зардал тооцох аргачлалыг шинэчлэн баталж мөрдүүлэх, орон нутгийн суурь зарлагын бүрэлдэхүүнд багтдаг нийгмийн халамжийн зардлуудыг нэг бүрчлэн хянан үзэж, орон нутаг хэрэгжүүлэх шаардлагагүй зарим чиг үүргийг төвлөрсөн байдлаар зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудад хариуцуулах нь зүйтэй. Мөн нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг баталж байгаа нь цаг хугацааны хувьд төсвийн ерөнхийлөн захирагч нэг бүрээр төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй, хэлэлцсэн төдий болж байгааг анхаарч, хууль тогтоомжид зохих өөрчлөлт оруулах шаардлагатайг дэд хорооны санал, дүгнэлтэд дурдсан байна.
Мөн Үндэсний аудитын газар гаргасан зөвлөмжүүдээ хуульд нийцсэн эсэх, үндэслэлтэй дүгнэлт гаргасан эсэхээ нягталж, Засгийн газраас аудитын зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй шалтгааныг тогтоож, цаашид аудитын дүгнэлт, зөвлөмжийг мэргэжлийн түвшинд хуульд нийцүүлж гаргах шаардлагатай, мөн Үндэсний аудитын газрын дүгнэлт нь зөвхөн төсвийн гүйцэтгэл болон санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгагдсан тоон үзүүлэлтэд дүгнэлт гаргаснаас бус төсвийн бодит үр ашгийн үнэлгээ, тооцоололд дүгнэлт өгөхгүй байгаад анхааруулсан байна.
Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Д.Ганболд нар Сангийн сайд, Монгол Улсын Ерөнхий аудитор, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд дэд хорооны саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.2 хувь нь дэмжив. “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төсөлд тусгаснаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 5,173,682 6 сая төгрөгөөр, Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 7,139,637.5 сая төгрөгөөр тус тус баталлаа.
Тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.