
УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2018.06.28) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газар өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулав.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдад өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ... оны тооллого"-ын бүртгэл, лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай байгаа аж. Иргэн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тогтоосон тул дээр дурдсан лавлагаа, бүртгэлийг хуульд оруулах шаардлага гарсан байна. Энэ асуудлыг хуульд тусаагүйгээс нийгмийн даатгалын байцаагч хуульд заагаагүй баримт бичгийг малчдаас шаардах, улмаар хууль зөрчих нөхцөл үүсэх болжээ. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд нэмэлт оруулж малчдын тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй, тодорхой болгох шаардлагыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан хуулийн 2 дугаар зүйлийг өөрчлөн найруулснаар хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлийн тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулах эрх зүйн үндэслэлгүй болсон учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох заалтыг нэмж оруулах шаардлага үүссэн байна.
Энэ асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаараа хэлэлцээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.