
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
“Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Тогтоолын төслийн талаар хууль санаачлагчид болон УИХ дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, УИХ дахь намын бүлгүүдээс 27, УИХ-ын гишүүд, Байнгын хороодоос 37, Монгол Улсын Засгийн газраас 104, нийт давхардсан тоогоор 170 хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар саналаа ирүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсан.
Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа дараахь зарчмыг баримталлаа. Үүнд:
- Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд,
- УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр саналаа ирүүлсэн төслүүд,
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд заасан болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тэргүүн ээлжинд хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийг нэр заан тусгасан гэлээ.
Түүнчлэн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд тогтоолд нэр заагаагүй хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар төсөлд тусгажээ.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг уг тогтоолд тусгуулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй хэмээн үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжин тогтоолыг эцэслэн баталлаа.
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг баталлаа | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.