Шууд Chart

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

2018-06-29 16:08:53

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.06.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваагаас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын нэгтгэсэн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусгаж эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийг нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд чуулган, Байнгын хорооны хуралдааны үеэр бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох үйлдэл гаргасан УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг хуульд хэрхэн тусгасныг тодруулж, УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлага, УИХ-д нэр дэвшигчид тавих шаардлагын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.


УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа  
Үзсэн: 1016 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй