Шууд Chart

УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа

2018-06-30 09:15:30

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоод Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Тэрбишдагва, А.Сүхбат, Ж.Энхбаяр нар ажилласан бөгөөд зургаадугаар сарын 27-ны өдөр хуралдсан байна. Тус хуралдаанаар төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлсэн аж.

Санал дүгнэлтийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, О.Баасанхүү, Д.Оюунхорол, Н.Оюундарь, М.Оюунчимэг нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав.

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэхээс сэргийлэн 2012 оноос журам батлаагүй, өнөөдрийг хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хүрээнд ус бохирдуулсны төлбөр гэж аваагүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд дуулгав. Харин бохир усны үйлчилгээний төлбөрийг иргэн, аж ахуйн нэгжээс, ус ашигласны төлбөрийг мөн авч байгаагаа хэллээ. Цаашид хуулийг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарыг оролцуулахгүйгээр жилд 3.9 тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөрөөс улсын төсөвт хуримтлуулах тооцоог гаргасан байна. Энэ мөнгөний 50 хувийг ус цэвэршүүлэх чиглэлээр технологи, техник, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэж буй усны бохирдол нэмэгдэгх хэрээр төлбөрийн хэмжээ нэмэгдэх зохицуулалт тусгасан байна. Төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэлэлцэж буй хуулийн төслүүдийн судалгаа, тооцооллыг нягтлах үндэслэлээр Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр хоёр өдрийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Уг хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, тус бүлэгт хоёр өдрийн завсарлага өглөө. Ийнхүү УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөж, УИХ-ын дарга М.Энхболд ээлжит чуулганыг хааж үг хэлсэн. (Улсын Их Хурлын даргын хэлсэн үгийг www.parliament.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу).

УИХ-ын хаврын ээлжит чуулган хуулийн дагуу өнөөдөр өндөрлөж байгааг тэрбээр тэмдэглэв. Өнгөрсөн хугацаанд байнгын, дэд хороод 101 удаа 180 орчим цаг хуралдаж, 304 асуудал, нэгдсэн чуулган 27 удаа, 133 орчим цаг хуралдаж, 181 асуудал хэлэлцжээ. Нэгдсэн чуулганы 27 удаагийн хуралдааны ирц дунджаар 83.0 хувьтай байж, бие даасан хууль 17, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 67, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 2, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, УИХ-ын тогтоол 50-ийг баталсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа   
Үзсэн: 1425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй