Шууд Chart

Мексикийн тэмдэглэл

2014-01-13 09:35:29

... Мексикийн дэлхийд алдартай пирамидыг үзэв. Байгууламж бүтэц, газар доорхи барилгын туурь, хээ хуар, сүг дүрс зэрэг нь нэн гайхамшигтай. Нарны пирамид дээр нь гарлаа. Сарных гэж байдаг гэнэ. Хоёр гурван саахалтын зайд харагдана лээ. Энд хүн зон олон. Бүтэн сайн өдөр байснаас ч тэрүү Мексикчүүд хэдэн арваараа. Гадныхан ч их байв. Тэдэн дотор бидний хэдэн Монголчууд. Гарч ирэгсэд нэгэн газар бөөгнөрөн сууж юуг ч юм хийж буйг харвал пирамидийн чулуун оройгоос хурууны өндөгний хэмжээтэй дугуйран цухуйх мөнгөн дээр долоовор хуруугуу хүргэн хэдэн хором нүдээ анин бясалгал үйлдэх аж. Бидний хөтөч, орчуулагч Б. Инжбадараас асуувал хүслээ шивнэж, ирээдүйгээ даатгаж, хиоморио дуудаж бие сэтгэлээ ариусгаж байгаа хэрэг гэнэ. Бид ч бас тийнхүү үйлдвэй.

         Анхны пирамидыг хонь хариулж явсан хүү нээсэн гэнэ. Олсон гэвэл ч зөв юмуу. Эргэн тойронд харагдах гурвалжин оройт уулс бол пирамид мөн гэж Мексикчүүд хэлж байна лээ. Нээрэн ч мөн байхаас зайлахгүйдэг шүү. Зам зуур нэрийг нь үл мэдэх олон төрлийн мод сөөг тааралдав. Элдэв төрлийн жимс мөчирт нь бөнжийнө. Идэж болдог гэнэ. Амсч үзвэл бас ч аятайхан амттай аж. Бидний өрөөндөө тарьдаг зуун наст энд тэндгүй аварга том хэмжээгээр ургажээ. Дэргэд нь патиараа татуулав. Танимхайрч байгаа юмдаг уу.
 
 
                 Мехикод буусан өдрийн анхны аялал үнэхээр сонирхолтой болов. Хурдны замаар буцаж явах зуур Мексик тосгод нов ногоон талд цацчихсан сувд шиг цайрна. Ороонго, нишингэ, эрдэнэшишийн талбай дөрвөлжилж, хаа нэгтээ хэд гурван хонь хариулсан том хүрээт сембреро өмссөн малчин харагдах нь содон. Энэ нутгийн хоньд далбагар том чихтэй, урт годон сүүлтэй, бор шарангуй зүстэй. Манайхаар бол суурь хонь нь ойролцоогоор хорь хүрэхтэй, үгүйтэй бололтой.
                Зам тун сайхан. Өргөн, дардан. Модот уул өөд өгсүүлж шивээлж барьсан хороолол нь Мексик улсын бас нэг өвөрмөц онцлогийг харуулах аж. Холоос харахад уул нүхлээд өч төчнөөн байшин барилга барьчихсан юм шиг харагдана. Ойртоход өөр дүр зураг тодроно. Хөөрхөн жижиг байшингууд, байшин бүр янз бүрийн хавтангаар хашаалан өөрийн хилээ тогтоожээ. Ихэнх нь нэг, хоёр давхар. Зарим нь доороо гарааш, жижигхэн засварын газартай ч юмсан уу. Бас алга дарам ногооны талбай ч үзэгдэх аж. Хэцэнд угаасан хувцас дэрвэнэ. Зарим байшингийн дээвэрнээ төрийн далбаа нь намирана. Шөнөөр гэрэл нь ямар гоё гялалзана гээ. Яг л хар торгон дээр хатгасан алмаазаа алмааз. Акапулко хотын   EMPORIO буудлын 8 давхараас хичнээн ч удаа зураг дарсан гэх вэ? Акапулко гэснээс энэ үзэсгэлэнт хотод Дэлхийн яруу найрагчдын 28-р их хурал чуулсан юм. Таван тивийн улс үндэстнийг төлөөлсөн ЗОО орчим яруу найрагчид оролцов. Испани, Англи, Хятад,Франц , Япон, Монгол зэрэг олон арван хэлээр шүлэг дуулал эгшиглэж, өнөө цагийн яруу найргийн чиг хандлагын тухайд янз бүрийн санал бодол уралдах аж. Санал нийлэх хийгээд эс нийлэх нь ч байв. Ямар боловч улс үндэстэн оршин тогтнохын уг гарваль нь дотроо оршихуйн   болор тунгалаг эрчим агуулж байдаг яруу найрагт бий гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрцгөөв.
         Их хурлын үеэр олон яруу найрагчид номоо танилцуулсны дотор Ц. Бавуудорж найрагч англи хэлээр хэвлэгдсэн “Дорно зүгт өвс болно” шүлгийн түүвэрээ хэлэлцүүлсэн явдал англи хэлт утга зохиолын төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татав. Ерөөс Монголын яруу найргийг дэлхий анирдан чагнаархах болжээ. Үүнд Дэлхийн соёл, яруу найргийн академийн жинхэнэ гишүүн, утга зохиолын доктор, МУСГЗ, нэрт яруу найрагч Г. Мэнд-Ооёогийн оруулсан хувь нэмэр ихээс их ажгуу.
        Тэрчлэн энэ их хурлын олон төлөөлөгчид Монголд болсон 26-р их хурал онцгой сайхан, хүндэтгэл дүүрэн болсныг онцлохын зэрэгцээ яруу найрагт хайртай Монгол түмэн, яруу найрагт элэгтэй Монгол орны ерөнхийлөгчийг талархан дурсаж байв. Тэдэнд төрийн ордны баганат танхим, Эрдэнэзуу хийдийн   бурхны шившлэгэт сэвшээ, хорхог, боодогны халуун чулуу, халх шүлгийн аялгуу хэмнэл , босоо монгол бичгийн гайхамшигт татлага, цацлага, одоо ч нүдэнд нь үзэгдэж, сэтгэлд нь баригдсаар байдаг бололтой. Хаа холоос л зурагаа татуулахаар элгэмсэн ирэх бүлгээ.
           Хурлын үеэр Дэлхийн соёл яруу найргийн академи утга зохиолын нэр хүнд бүхий шагналаа цөөвтөр хүнд гардуулж , бас төдий тооны хүмүүст утга зохиолын доктор цол олгов. Энэ зуур надад мөн дурсгалт үйл явдал тохиосон нь Дэлхийн соёл, яруу найргийн академийн жинхэнэ гишүүний үнэмлэхийг тус академийн шинэ ерөнхийлэгч Мариус Янгаас гардан авсан явдал юм. Өмнөхөн нь шүлгээ эх хэл дээрээ уншиж, англи орчуулгаар нь хятадын яруу найрагч Вей Та, олон улсын сэтгүүлч, яруу найрагч Б.Дашзэвэг нар хичээнгүйлэн уншихыг харж догдолсныг ч хэлэх үү. Бас нэгэн баяр хөөртэй мөчид эрхгүй автсан билээ. Мартагдахуйн мананд үл арчигдах нэгэн өдрийн тоо нэмэгдэв.
 
            Ай, үзэсгэлэнт
            Акапулко
            Чи бол Мексикийн
            Чимэг зүүлт ,
            Хүзүүний сувдан сондор нь ,
            Хүүхнээр бол
            Гэрэлтсэн мэлмий,
            Гэгээ татсан цээж нь
            Ай,үзэсгэлэнт
            Акпулко
            Номхон далайн усанд чинь
            Намхан биеэ булхаж,
            Ногоолин оддын чинь дор
            Үүр туяарахыг харсан, би
            Торгомсог элсэн дээр чинь
            Хөл нүцгэн алхаж
            Тотьны чинь эвэрлэг хошуунд
            Гараан хүргэж явсан, би
             Ай, Акапулко
            Бүсгүйн гоо галбирт чинь
            Буй бүхнээрээ татагдаж
            Бүрэг ичимхий зангаа
            Цуу татаж урсан, би
            Дал модны чинь сүүдэрт
            “Takila” дарс сөгнөгхөн
            Дахиж учран золгохын
            Өлзийт ерөөл тавьсан, би
            Ай, үзэсгэлэнт
            Акапулко,
           Чи бол Мексикийн
            Чимэг зүүлт ,
            Хүзүүний сувдан сондор нь ,
            Хүүхнээр бол
            Гэрэлтсэн мэлмий,
            Гэгээ татсан цээж нь 
            Акапулко,
            Үзэсгэлэнт Акапулко
 
                                               
                                    Takila - Мексикийн үндэсний архи
                                   
           Энэ ялдамд хол аяны дөрөөг минь урмын сүүгээр мялааж, хандив өргөсөн Питер Морроу захиралтай Хаан банкны дотно элгэмсэг хамт олонд гүн талархлаа илэрхийлье. Тэрчлэн дотны нөхөр, МУ-ын худалдааны гавьяат ажилтан, “Номин-Холдинг” компанийн зөвлөх Шагдарсүрэндээ зүрхээ даран гүн дор мэхийе. Баярласан сэтгэлийн минь цалгиа Номхон далайтай нийлэв.  
     Орой нь Номхон дөлгөөн далайн арслан зогдорт цагаахан давалгаа цалгилан ирж торгон элс долоон буцах эрэг эрмэг газарт орших үзэсгэлэнт хот Акапулко-гийн наран шаралгат хормойд яруу найргийн цэнгүүн болов. Эхэн үедээ нам жимдүү байсан яруу найрагчдыг монгол шүлэгч Б.Дашзэвэгийн таван хэлээр мэндчилж, араас нь “Цэнгэн хөгжилдье”, “Шүгэлдээрэй...” хэмээх цоглог дуунуудаа дагалдуулсан нь тэднийг ёстой л шүгэлдэн босоход хүргэв. Энд тэндгүй л цагаан алчуураар даллах нь түүдгийн дөл мэт цоролзоно. Уг нь бол хоол зооглохдоо   энгэртээ дэлгэх ёстой алчуур л даа. Одоо бол тэр алчуур аль хэдий нь шувуу шиг далавчлан нисэх ажуу. Монгол, Монгол гэж өөр өөрийн хэлээр хашгирах зүрх сэтгэл нэгт нөхдөө харах тун таатай. Нэг үгийг хэдэн янзаар дуудах чинь бас л яруу найраг юм байна шүү дээ. Энэ зуур бас нэг үг олонтаа сонсогдсон нь Унгар. Дэлхийн яруу найрагчдын дараачийн чуулган 2009 оны 9-р сард Унгарын нийслэл Будапештэд болно. Яруу найрагчид Унгарт уулзацгаая хэмээн сайхан ерөөл хэлцгээнэ. Ерөөл биелдэг юм, найрагчид минь. 
              Тийнхүү би хөгжим дуу, шүлэг найраг дуурсах энэхүү талбайгаас түр зуурхан холдож мөнгөлөг ногоон оддын доор шөнийн далайн түрлэг чагнаархан жаахан суув. Толгой дээр том цагаан саран тэргэлтэн гэрэлтэнэ. Юу нь ч юм нэг л юм нь өөр харагдах аж. Гэрэл гэгээ нь үү, дугараг хүрээ нь уу, хөг аялгуу нь уу ? бүү мэд. Тэрчлэн долоон бурхан одоо хайгаад бас л олсонгүй. 
            Хөлийн доор Номхон далай амьсгална. Бүх л биеэрээ түүнийг мэдрэх жаргалтай. Хоёр удаа зөөлөн давалгаалж, гурав дахь дээрээ гүнзгий амьсгаа авч, дөрөв дэх дээрээ цалгилан түрхэрч архирмуй. Энэ үед нь өвчүү цагаан давалгаа арслангийн зогдор шиг өндийн сэрвэлзэж ирснээ хоромхон зуур элс долоон татарна. Доорхи шүлгийг би, аяны дөрөө хамт харшуулагч авьяаслаг зохиолч дүү Б.Золбаярт зориулсан билээ л...
                                                                       
             Өвчүү цагаан далвис
             Өлмий доор минь эвхэрнэ
             Эвхэрнэ... гэтэл ахиад л
             Дэвхрэн өндийж хуйларна
 
             Өндийж хуйларсан цалгис
             Өвдөгцөө шүргэж долгилно
             Долгилно... гэтэл дахиад л
             Довтлон архирч хуухирна
            
             Архирч хуухирсан долгис
             Аюулхайд тулж түрхэрнэм
             Түрхэрнэ... гэтэл буцаад л
             Хүрхрэн намсч эвхэрнэ
 
 
                                                 
                                                                Акапулко.
                                                                Номхон далай
 
          Ойртох бүр нь босч холдоод л байв. Түрүүчийн сууж байсан ор мөрийг давалгаа юу ч үгүй арчиж орхих бөлгөө. Талын хүн би их уснаас өөрийн эрхгүй айнам. Гэхдээ ч бас Инжбадарынхаа гарнаас чанга гэгч атгаж   байгаад торгон зөөлөн усанд хэдэнтээ булхсан билээ. Далай магтаалд омогшин баярладагийг өөрийн биеэр үзсэн минь өчигдөр юм. Би тэнд радиогийн бичлэг хийж зогссон юм.
            
                “...эрхэм хүндэт сонсогчид оо та бүхэнтэйгээ Номхон далайн хөвөөнөөс мэндчилж байна... |чимээ| Далай цалгилан долгилж байна... | чимээ| Номхон далайн Ази тивийг тольдсон   нөгөө эргээс нь миний өвөг дээдэс морио усалж явсан бол, бидний хэдэн шүлэгчид америк тивийг долоосон нөгөө эрэг дээр нь шүлгээ уншиж зогсном...Далай монгол шүлгэнд омогшин цалиглаж ...”    гээд хэлтэл далайн давалгаа нөмрөөд авав. Тэгэхэд Б.Инжбадараас ярилцлага авч байсан юм. Тэрхэн зуур би бүхий л хүчээрээ түүнийг тэвэрчихсэн, микрофоноо байдгаараа өргөчихсөн зогсож байв. Уг нь давалгаа яав ч ирэхээргүй хол л зогссон юмсан. Замхран буцаж байгаа уснаас нүдээн салгаж чаддаггүй. Өөрийгээ л тэндээс хайгаад байсандаг шүү. Үнэхээр далай сайхан үгэнд баярладаг юм байна лээ...Инжбадар инээчихсэн зогсож байна. Түүний инээмсэглэлээс сайхан сэтгэлийн гэрэл гялбамуй. Мексикт амьдардаг хоёрхон Монголын нэг чигч шударга, овсгоо самбаатай энэ залуу мөнгөний ханшны зөрөөгөөр бизнес эрхэлдэг бөгөөд, энд докторын зэрэг хамгаалжээ. Хэн болгон хийгээд байдаггүй энэ бизнесээс түүний мэдлэгийн цар хүрээ харагдана. Мөн Мексик дэх Монголын өргөмжлөлт консулын нарийн бичгийн даргын албыг хашдаг аж. Авьяаслаг зохиолч Б.Золбаяр дүү л самбаачлан ирэхээсээ өмнө холбоо сүлбээ тогтоосон нь юуны сайн бэ?
          Баасанхүүгийн Инжбадар биднийг онгоц буудлаас тосч аван   Мехико хоттой танилцуулж, дэлхийд алдартай пирамид үзүүлж, аян замд хөтөчлөн , яруу найрагчидтай англи, испани хэлээр биднийг танилцуулж, шүлэг зохиолоос орчуулалцаж явав. Испани хэлт утга зохиолруу нэвтрэхэд сайн зууч болох ирээдүйтэй залуу даа... Бид хоёрын дэргэдүүр үзэсгэлэнт бүсгүйчүүд зөвхөн усны хувцастайгаа өнгөрнө. Энэ хэдэн өдөр Мексик хүүхнүүдийн гоо үзэсгэлэнд автаж явлаа. Торгомсог бор царай, алаг сайхан нүд, урт сормуус, хав хар үс, буцалсан халуун араншин...Залуугийн бадаг мэт. Нэгэн үзэсгэлэнт мексик бүсгүй моторт завинд суун далайн усыг хага яран одох нь, миний сэтгэлийн зүг рүү...
 
    
       Урт хархан сормуус дэрвэс, дэрвэс
       Уран тогос мэлмий ирмэс, ирмэс
       Ай,
          Сэниорита Мэхикана
              Анхэлика, Габриала,
                   Каролина, Мариана,
              Цээжээ түрсэн хөх аяс, аяс
       Цэнгэлд урьсан бэлхүүс уяс,уяс
       Ай,
           Сэниорита Мэхикана
              Алехандра, Эсмэралда
                 Клаудина, Магдалэна
       Саран товгор өгзөг товс,товс
       Наран чилгэр шилбэ тольс,тольс
       Ай,
          Сэниорита Мэхикана
              Аннэтт, Лилиа,Даниэла
                 Элка, Ивонна,Кладиа
       Дурсамжийн минь толинд урганхан ганхас, ганхас
       Дуртгалын минь шүлгэнд тодронхон гунхас, гунхас                              
      
                                                 Мехико хот.
      
          Далайн уснаа наран песо шиг алтран гялбалзана. Песо бол Мексикийн мөнгө л дөө. 11 орчим песо нэг доллартай тэнцэнэ. Юмных нь үнэ өндөр аж. Явуулын улс бид юугаа ч авах билээ. Мөнгө гэснээс Мексик улс, тэр тусмаа Акапулко-гийн энэ хязгаар мөнгөн эдлэлээрээ дэлхийд алдартай гэнэм. Эхнэрүүд мундаг шүү. Бидэнд ээмэг, бөгж, гоёл зүүсгэл захисан л байгаа юм даа. Жинхэнэ мөнгөний оронд очих нь гэж хэдийдээ мэдчихдэг байна. Өдийд Монголд минь шөнө дунд л болж байгаа болов уу. Цаг хугацааны баримжаагаа ирэхдээ л алдчихсан билээ. 10-р сарын 11-ний өглөө 6 цагт Монголоосоо гараад Мексикт энэ өдрийнхээ 10 цаг орчимд буучихав.Дөрөвхөн цаг нисэв гэж үү?   Гэтэл бүтэн өдөр, шөнийг онгоцонд үдсэн шиг билээ.
         Баримжаа хэзээ ч алдахгүй ганц юм минь эх орноо хайрлах хайр минь л байнам. Ертөнцийн нөгөө бөөрнөөс хүй дарсан тоонот –“Голын дээд цагаан хад “ хаваржаагаа санах юутай уярам. Дэргэд Номхон дөлгөөн далай цалгилан байхад сэтгэл дотор   өөвөн бөөвөн толгодын минь хөх өвс налран долгилж, зурам унасан чогчого нүднээ харагдмуй. Бойтогт бага насны минь хонх жингэнэнэ. Хайр минь, дуу минь, хүслийн минь алтан чагтага, хийж бүтээхийн уриа дуудлага минь чи буюу-Эх орон минь, МОНГОЛ минь.
 
                           Улаанбаатар- Токио- Мехико-Акапулко.
                                                    2008-10- 11- 18.
       
“ЗОХИОЛЧИДТОЙ ДӨРӨӨ ХАРШУУЛСАН ТЭМДЭГЛЭЛҮҮД...” ном.
 

 

 
        
 
 
Нийтэлсэн: Д.Нямаа

Мексикийн тэмдэглэл   
Үзсэн: 6584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.254.120.xxx [103.254.120.xxx] 2014-05-14 03:15
Үнэхээр Сайхан нийтлэл болжээ Үзэсгэлэнт газар юмаа
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-15 10:38
Сайхан нутагт очиж сайхан арга хэмжээнд оролцож сайхан эх орныхоо нүүр царайг сайнаар илэрхийлжээ, тэр бүрийгээ сонирхолтой болоод энгүүхэн сайхан уран өгүүлжээ . Та бүхний уран бүтээлд өндрөөс өндөр амжилт ерөөе! Ж. Баасан
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-13 22:46
Тун сонирхолтой сайхан аялал бай ээ.Бас сайхан ч бичсэн байна. Ренчин гуайн 50 иад оны дундуур бил үү бичсэн "Өмнө этгээд зорчсон нь" гэдэг сонирхолтой тэмдэглэл уншиж Энэтхэг орны тухай мэдээд гайхаж баярлаж ахин хэд хэд уншиж байсан хүүхэд нас санаанд орчлоо. Одоо тэр тэмдэглэлийг олж дахин нэг уншихсан. Г.Золжаргал

Бидэнтэй нэгдээрэй