
Ираны аж ахуйн нэгж болон банк нийлсэн 20 байгууллагын эсрэг АНУ хориг тогтоосон байна. АНУ-ын Сангийн яамны сайтад энэ тухай мэдээлснээс үзвэл Ираны “Лалын хувьсгалыг хамгаалах корпус”-т багтдаг сайн дурын отрядуудын нэгийг санхүүгийн тусламж үзүүлж тэтгэсэн шалтгаанаар тийм хориг тогтоожээ.
АНУ-ын Сангийн яам хүүхдүүдийг Сирид цэрэг болгон ашиглаж байгаад тухайн отрядыг буруутгасан байна. Ийм хориг арга хэмжээнд өртсөн пүүс компани, байгууллагуудтай гэрээ хэлцэл байгуулах, хамтран ажиллахыг Америкийн компаниудад хориглодог юм.
Мөн хоригт багтсан Ираны компани, байгууллагуудын АНУ дахь хөрөнгө мөнгийг битүүмжилдэг. Энд сануулахад, Вашингтон, Тегераны харилцаа энэ оны тавдугаар сараас эрс хурцадсан. АНУ Ирантай байгуулсан цөмийн олон талт гэрээнээс гарч, тус улсын эсрэг хориг арга хэмжээгээ үе шаттайгаар сэргээх болсныг Ерөнхийлөгч Дональд Трамп тэгэхэд анх зарласан юм.
Гурван жилийн өмнө байгуулсан дээрх гэрээ нь иранчуудад цөмийн зэвсэг нууцаар боловсруулах хөрөнгө мөнгө гаргаж авах боломж олгож байна гэж АНУ, Израилийн эрх баригчид үзсэн. Харин Тегеран үүнтэй санал нийлэхгүй, АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх арга замуудыг эрэлхийлж байгаа юм.
Тегераныг цөмийн хөтөлбөрөө зогсоохын хариуд тус улсын эсрэг олон улсын хоригийг сулруулах тохиролцоо бүхий гэрээг 2015 онд нэг талаас АНУ, Франц, Их Британи, ОХУ, БНХАУ, Герман, нөгөө талаас Иран улс байгуулсан юм.
Ираны 20 байгууллагын эсрэг АНУ хориг тогтоолоо | ||
Үзсэн: 383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.