Шууд Chart

Гватемалаар дамжин АНУ-ыг зорьж байгаа цагаачид дээр Гондурасын иргэд нэмэгдэн очиж байна

2018-10-18 12:40:25

Гватемалаар дамжин АНУ-ыг зорьж байгаа цагаачид дээр Гондурасын иргэд нэмэгдэн очиж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Төв Америк тусламжаа зогсооно гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор албаныхан дүрвэгчдэд хандаж, АНУ руу явахгүй байхыг сануулсан ч цагаач дүрвэгчид энэ анхааруулгыг хүлээн авалгүй улам олноороо тус улсыг зорьж буй юм байна.

Өнгөрөгч бямба гарагт 1500 гаруй цагаач дүрвэгч Гондурасын Сан Педро Пауло хотыг орхин гарснаас хойш энэ тоо тасралтгүй өссөөр байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Гудамжны дээрэм тонуул, ядуурал зэргээс зугта, улс орноо орхин дүрвэгчид Гватемалаар дамжин Мексикт хүрч, тэндээсээ АНУ хүрэх зорилготой байгаа юм.

2016 онд АНУ, Гватемалд 130 гаруй сая долларын тусламж үзүүлж байсан бол Гондураст 98 сая, Эль Сальвадорт 68 сая долларын мөнгөн тусламж өгч байжээ. Өөрөөр хэлбэл, 2016 онд АНУ-ын тусламж Төв Америкийн энэ гурван улсын холбогдох төсвийн нэг гаруй хувьтай тэнцэж байжээ.

Гэвч энэ тусламжаа АНУ-ын засаг захиргаа огцом бууруулахаа мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, ирэх 2019 онд Гватемалд өмнөхөөс бараг тал хувиар бага буюу 70 сая доллар, Гондураст 66 сая доллар, Эль Сальвадорт 46 орчим сая долларын тусламж гэх мэтээр бууруулж байгаа юм байна.

Шүүмжлэгчдийн зүгээс АНУ-ын Ерөнхийлөгчийн мөнгөн тусламжаа хасч байгаа шийдвэр цагаачлалыг улам эрчимжүүлнэ гэсэн болгоомжлол хэлж байна.
Сальвадор, Гондурас зэрэг Төв Америкийн улсуудад хүн амины хэрэг сүүлийн жилүүдэд буурсан боловч Дэлхийн банкнаас гаргасан мэдээллээр 2016 онд эдгээр улсууд хүн амины хэргийн түвшингээр хоёрдугаарт орж байжээ.

Мөн өнгөрөгч 2017 онд нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хамгийн бага буюу ядуу Америк тивийн таван улсын тоонд эдгээр улс орж байсан байна.

Үүний улмаас эдгээр улсын иргэд АНУ, Мексик зэрэг улсад цагаачилж, орогнол хүсэх нь нэмэгдэх болсон аж. 

Нийтэлсэн: Mонголын радио

Гватемалаар дамжин АНУ-ыг зорьж байгаа цагаачид дээр Гондурасын иргэд нэмэгдэн очиж байна  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй