
АНУ-ын худалдааны гол түнш орнуудын гадаад худалдааны бодлогын талаар жилд хоёр удаа гаргадаг тайлан нийтлэгджээ. АНУ-ын Сангийн яамнаас боловсруулж нийтэлдэг уг тайланд Хятадын бодлого санааг нь онцгой зовоосон хэвээр байгааг дурдсан байна. Ил тод байдал дутмагийн дээр юанийн ханш суларсан зэрэг нь “илүү тэнцвэртэй худалдаа” өрнүүлэхэд гол бэрхшээл учруулж байгааг АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тэмдэглэжээ.
Харин Хятадын эрх баригчид мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сул байлгахын тулд зориудаар нөлөөлдөг гэх нотолгоог АНУ-ын Сангийн яам олж чадаагүй байна. Экспортын өрсөлдөх чадвараа өсгөхийн тулд үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг зориуд доогуур түвшинд барьдаг гэж Ерөнхийлөгч Трамп урьд нь буруутгаж байсан.
Түүний энэ зэмлэл АНУ-ын Сангийн яамны тайлан илтгэлээр албажиж нотлогдоно гэсэн таамаг харин биелсэнгүй. Үүнээс үүдэн АНУ Хятадыг “валютын ов мэхчин” гэж нэрлэхээ түдгэлзвэл худалдааны маргааны улмаас үүссэн хоёр улсын хурцадмал харилцаа намжихад тус болох алхам болж мэдэхийг ажиглагчид тэмдэглэж байна.
Түүнчлэн АНУ-ын Сангийн яам тайландаа Энэтхэг, Япон, Герман, Өмнөд Солонгос, Швейцарь улсыг худалдааны гол түншүүдийн жагсаалтдаа багтаан, нэмэлтээр хяналт тавьдагаа дурджээ.
Стивен Мнучин: Юанийн ханш суларсан нь “илүү тэнцвэртэй худалдаа” өрнүүлэхэд бэрхшээл учруулж байна | ||
Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.