Шууд Chart

Аллага үйлдсэн оюутан багш нартайгаа асуудалтай байсан байж болзошгүй

2018-10-18 17:06:50

Өөрийн суралцдаг коллежид аллага үйлдсэн оюутан багш нартайгаа асуудалтай байсан байж болзошгүй талаар “Интерфакс” агентлаг нэрээ дурдаагүй эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Крымийн хойгийн Керчь хотын политехникийн коллежид Владислав Росляков гэдэг оюутан дэлбэрэлт хийж, буудлага үйлдсэний улмаас 20 хүн амь эрсдэж, 70 хүн шархдаад байна. Амь үрэгдсэн хүмүүсийн олонх нь тус коллежийн оюутан, зургаа нь хүүхэд байна. Өөр тав нь коллежийн албан хаагчид байжээ.

Мөн шархадсан хүмүүсийн 10 нь эрчим эмчилгээнд байгаа юм байна. Дээр дурдсан эх сурвалжийн мэдээлснээр, Росляков хэт үзэлт залуучуудын бүлэглэлд багтдаг байж болзошгүй гэдэг хувилбарыг шалгаж байгаа, одоогоор нотолгоо байхгүй гэж байна. Харин тэрээр буудлагын клубт явдаг, зэвсэг сонирхдог байжээ.

Түүнчлэн эмгэнэлт явдал болсон газраас сумны 10-аад хайрцаг, 10 орчим гар хийцийн тэсрэх төхөөрөмж, шатамхай шингэн бүхий лонхнууд олдсон байна. Үүний зэрэгцээ тухайн этгээд шашны аль нэг секттэй холбоотой байгаагүй, мөн ганцаараа, хэн нэг хамтрагчгүйгээр хэргийг үйлдсэн тухай Крымийн захирагч Сергей Аксенов сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ ярьжээ.

Гэрчүүд болон хүчний байгууллагуудын мэдээлж байгаагаар, 18 настай оюутан Росляков коллеж руугаа ангийн буутай нэвтэрч, замдаа таарсан хүн бүхэн рүү буудаж, дараа нь олон оюутантай байсан цайны газарт дэлбэрэлт үйлдсэн юм байна.

Дараа нь түүнийг коллежийн номын санд амиа егүүтгэж нас барсан байхад нь олжээ. Хэргийг цагдаа нар анхандаа “алан хядах ажиллагаа” гэж тодорхойлж байснаа дараа нь “аллага” хэмээн зүйлчлэл бууруулсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Аллага үйлдсэн оюутан багш нартайгаа асуудалтай байсан байж болзошгүй  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй