Шууд Chart

Дональд Трамп: Жамаль Хашогги үнэхээр хөнөөгдсөн бололтой

2018-10-19 10:59:05

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги “Үнэхээр хөнөөгдсөн бололтой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна. Мэрилэнд дэх Эндрюсийн нисэх баазад сэтгүүлчдийн асуултад хариулах үедээ Цагаан ордны тэргүүн ингэж мэдэгджээ.

Мөн албан ёсны мөрдөн шалгалтын дүнг хүлээж байгаагаа Трамп дурдаад Саудын Арабын эрх баригчид сэтгүүлчийн үхэлд холбоотой нь батлагдвал Эр-Рияд маш хатуухан үр дагавартай тулгарах болно гэжээ. Туркийн эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггийн алга болсон хэрэгт Стамбул дахь Саудын Арабын Консулын газрын ажилтнууд холбоотой гэж үзэж байгаа. Сэтгүүлч аравдугаар сарын 2-ны өдөр тус дипломат төлөөлөгчийн газрын байр руу орсноосоо хойш алга болсон юм.

Тэрээр сүй тавьсан эмэгтэйтэйгээ гэрлэхийн тулд өмнөх гэр бүлийн баталгаагаа цуцлуулсан баримт авах санаатай байжээ. Харин Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч алга болсон хэрэгт холбоотой гэдгээ үгүйсгэж байгаа юм. Гэвч сүүлийн өдрүүдэд Туркийн эрх баригчид сэтгүүлчийг санаатай хөнөөсөн гэдэг таамаглалыг батлах янз бүрийн материал нийтлүүлж байна.

Тухайлбал, Хашогги алга болсон хэрэгт сэжигтнээр татагдсан таван хүнийг Саудын Арабын үе залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Саудтай холбоотой байж болзошгүй гэж нотолж байгаа юм. Одоогийн байдлаар хэргийн нөхцөл байдлыг Турк, Саудын Арабын хамтарсан мөрдөх баг судалж байна. 

Олон улсын хүний эрхийн байгууллагууд уг хэргийг НҮБ-ын түвшинд мөрдөн шалгахыг уриалж байна. Хашогги нь Саудын Арабаас цагаачилж, АНУ-д амьдардаг, АНУ-ын “Вашингтон пост” сонинд нийтлэл хэвлүүлдэг. Түүний нийтлэлүүд Саудын Арабын эрх баригчдын өнөөгийн бодлогыг эрс ширүүн шүүмжилсэн агуулгатай байдаг байжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп: Жамаль Хашогги үнэхээр хөнөөгдсөн бололтой   
Үзсэн: 627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй