Шууд Chart

Мухаммед бен Салман: Жамаль Хашоггийг учир битүүлгээр сураггүй болсон хэрэгт холбоогүй

2018-10-19 13:18:52

Сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хороосон байж болзошгүй тэр өдөр Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн хамгаалалтад ажилладаг нэг эрэгтэй Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт орж гарсан гэсэн мэдээлэл байна.

Энэ тухай Туркийн "Сабах" сонин пүрэв гарагт нийтэлжээ. Тус сонины мэдээлснээр аюулгүйн камерт буусан бичлэгт тэр эрэгтэй өглөө 9 цаг 55 минутын үед араасаа хэдэн эрэгтэй дагуулан Консулын газарт орсон бол үүнээс хэдэн цагийн дараа сэтгүүлч Жамаль дипломат байр руу орсон байна.

Мөн Туркийн хэвлэлд хамгаалалтын албаны ажилтан гэж байгаа энэ хүн үдээс хойш 4 цаг 53 минутад Консулын байрны урд гарч явсан нь өөр нэг бичлэгт үлдсэн гэж нийтэлжээ. Ингээд тэрбээр оройн 5 цаг 58 минутын үед Истанбул дахь олон улсын нисэх буудал дээр ирсэн нь гурав дахь бичлэгээр баталгаажсан гэж Туркийн "Сабах" сонин мэдээлж байна.

Хэвлэлд бичиж байгаа тэр эрэгтэй Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салманыг гадаад томилолт айлчлалтай үед хамт дагалдан явдгийг эх сурвалжууд баталдаг байна.

Гэвч Саудын Арабын хунтайж сэтгүүлч Жамаль Хашоггийг учир битүүлгээр сураггүй болсон энэ хэрэгт холбоогүй хэмээн мэдээллүүдийг няцааж байгаа юм.

Гэхдээ энэ талаар Туркийн болон өөр улсуудын бусад хэвлэлд өөр мэдээлэл нийтлээгүй байна. Хэдхэн хоногийн өмнө “Энэ хэрэгт холбоотой 15 хүн байна. Үүнд Саудын Арабын хунтайжийн ойрын нэг ажилтан байна” гэж Турк, Америкийн талын албаны хүмүүс ярьсныг "Вашингтон пост", "Алжазеера" зэрэг хэвлэлүүд мэдээлсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Мухаммед бен Салман: Жамаль Хашоггийг учир битүүлгээр сураггүй болсон хэрэгт холбоогүй  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй