Шууд Chart

2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2018-10-25 10:16:12

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний хуралдаанаар  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв. Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ  Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Д.Оюунхорол танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Тухайлбал, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 122,219.9 сая төгрөгөөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80.0 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42.0 тэрбум төгрөгөөр, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт буюу хуулийн төслийн 2 дугаар хавсралтын YI дугаар бүлэг, Сангийн сайдын багцын YI.3-д Гаалийн ерөнхий газрын барилга, байгууламж, их засвар, тоног, төхөөрөмжийн зардалд тусгагдсан 101,274.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 77,315.2 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүн бүхий Гаалийн шинэчлэл хийх ажилд төлөвлөсөн санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12,000.0 сая төгрөгөөр, Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрээс 15,000.0 сая төгрөгийг, нийт 271,219.9 сая төгрөгөөр зардал бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрийг 2019 онд 14  хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэрэнд өөрчлөлт оруулах зарчмын саналууд дэмжигдлээ. Тухайлбал, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын XI.1.1.65-д тусгагдсан “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал” (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар сургууль) гэсэн төсөл арга хэмжээний “320” гэснийг “640” гэж өөрчлөх, хуулийн төслийн XI.1.1.20-д тусгагдсан “Сургуулийн барилга худалдан авах, 960 суудал” (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо) гэсэн төсөл, арга хэмжээний “960” гэснийг “480” гэж өөрчлөх, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын XI.1.1.129-д тусгагдсан “Цэцэрлэгийн барилга, 200 ор (Улаанбаатар Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж) гэсэн төсөл, арга хэмжээний “барилга” гэснийг “барилга худалдан авах” гэж өөрчлөх гэсэн санал тус тус дэмжигдэв.

Харин Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй, “Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн 144.0 тэрбум төгрөгөөс 27.0 тэрбум төгрөгийн хасаж, Хүүхдийн мөнгийг 27.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн “Сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютер авахад шаардагдах 7.0 тэрбум төгрөгийг нэмэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын нийт урсгал зардлын нэмэгдлийг 7.0 тэрбум төгрөгөөр бууруулах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжсэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь урсгал зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан мөн сайдын багц дахь мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээний зардлаас мөн дүнгээр хасах”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аймгуудийн Мал эмнэлгийн газар болон сумдын Мал эмнэлгийн тасгийн урсгал зардлыг 8.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор мөн сайдын багц дахь мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээний зардлаас мөн дүнгээр хасах” гэсэн саналыг тус тус дэмжсэнгүй. Мөн  “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор байгуулагдсан “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын урсгал зардлыг 6.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор тус байгууллагын өөрийн орлогыг 6.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн  саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж санал хураасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар Төсвийн байнгын хорооны хуралдаанд санал хураалгах боломжгүй гэж үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг улсын төсвийн байгууллага хэвээр үлдээхтэй холбоотойгоор орон тоог буцаан нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 1.2-т тусгагдсан Төрийн өмчийн аж ахуйн тооцоот эмнэлгүүдэд олгох “22,266.1 сая” гэснийг хасч мөн зүйлийн 1.1-ийг Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох “244,554.0 сая төгрөг” гэж өөрчлөх, үүнтэй уялдуулан эмнэлгийн орон тоо, урсгал зардалтай холбоотой өөрчлөлтийг улсын төсөвт тусгах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.


2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй