
Сайн байцгаана уу хүндэт сонсогчидоо. Та бүхэн тарган тавтай сайхан зусч байна уу?
Шинэ сарын шинж нэвтрүүлэг долдугаар сарын тэнгэр цаг агаарын араншинг дуудах гэж байна. Наран буцаж наадмын улирал эхэллээ. Та бүхэн нэгэн зүйлийг санаж суугаа байх. Юу вэ гэхээр хаврын уур орсноос хойш түрүү жилийнх шиг хавар хийгээд зун биш шүү гэж анхааруулахдаа, ичигсэд хөдлөх өдрөө цагаан морь хониндоо таарч, зуны уур орох өдөр нь түүнийг давтаж тэнгэрийн аян зан тун чиг тааруу байх шинжийг хэлж байсан. Ингэхдээ ганцхан найдах өдөр бол зуны туйл улирал буюу халууны ес эхлэх өдөр юм гэдгийг нэг бус удаа хэлсэн. Хэрэв нар буцах өдрөөр юм тусахгүй бол наадам өнгөртөл хурын бараа үзэхгүй нь байна шүү гэж ярьсныг ч тод санаж байгаа байх. Гэвч өнөөдрөөс эхлэх сайн сайхныг хэлж ярих болохнээ. Учир нь нар буцах өдөр манай орны ихэнх нутгийг ивээж, тэнгэрийн авир зан тун таатай байлаа. Хүйтэн сэрүүн нь давамгайлж байсан хангайн уулархаг нутаг, өдөр бүхэн салхи шороотой байсан говь талын нутгийг ялгалгүй бороо орж хурын даллага аван тийн ялгуусан хэмээх харагчин могой жилийн харшааг тайлагдлаа. Зун цагийн өнгийг наадмаас өмнө тэгшлэх гэж ивлэн буусан хур Дундговь аймгийн өмнөд хэсэг Өмнөговь болон Дорноговийн өмнөд талын нутгуудаар л жаахан харам байлаа. Харин ихээхэн гандуу байсан Хүйс шаргын говь, Алтайн салбар уулсаа дагаад чамгүй арвин чийг өгч хангай дэлхий хүн малгүй баясан сэргэж байгааг тухайн бүс нутгийн малчид сонсогчид утсаар мэдээллээ. Ер нь зуны дунд сарын арван тавдын үеэр олон хайрхан шүтээнийг тайж тахиж тэнгэр лусаа аргадах ёс хүндэлүүд нутаг нутагт л өрнөдөг. Энэ хүндэтгэлийг дагаж нар буцах үеэр хур бороо орох нь ч бас эртний уламжлал юм.
За ингээд хангай нутагт бол зун наашилж, говь хээрийн нутгуудаар бол ган тайлагдаж, улсын баяр наадмыг ургамал ногоотой идээ цагаатай угтах нь тодорхой боллоо. Ер нь баяр наадам гэдэг монгол түмний хувьд өнжөөж боломгүй их тэнгэрийн тахилга юм. Тухайлбал наадам өнжөөвөл намар болдоггүй гэх нутаг ус маш олон. Тиймээс наадмын үеэр хур буухгүй байх тохиолдол бараг байхгүй.
Зарим жил цастай байсан газруудаа дагаад бороо хуртай байх тохиолдол байдаг. Гэтэл энэ зуны хурын зам арай өөр юм. Тухайлбал их нууруудын хотгор, Ховд аймгийн зүүн тал, Говь-Алтайн хойд хэсэг, зүүн бүсэд бол Дорнод аймгийн хойд Баяндун, Дашбалбар, зэрэг сумдын нутгуудаас бусад нийт нутгаар олон жилийн дундаж хэмжээний хуртай. Харин Хангайн нуруугаа дамнаад мөн Хөвсгөл аймгийн Цагаан-үүр, Эрдэнэбулган сумаас авахуулаад Булган аймгийн хойд хэсэгт олон жилийн дундажаас ахиу хэмжээний хуртай байхнээ. Говийн бүсэд Дорнод аймгийн Халх гол, Матад, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан зэрэг дорнод Монголын уудам талаа дагаад, мөн Дорноговь аймгийн баруун урд хэсэг Өмнөговийн зүүн, Дундговийн өмнөд хэсгээр мөн олон жилийн дундажаас ахиу хэмжээний хур бороотой байх урьдчилсан мэдээ гарсан байна. Тэгэхээр олон жилийн дундаж хэмжээ гэдэг бол тийм бага хэмжээ биш учираас зуны өнгө ямархан эгнэх нь ойлгомжтой юм. Харин түр зуурын болон үргэлжилсэн борооны дараа голуудын усны түвшин нэмэгдэх магадлал өндөр байгаа болохоор үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя...
Шинэ сарын шинж... | ||
Үзсэн: 3534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.