Шууд Chart

Бороотой өвлийн Парис

2014-01-16 16:24:13

 Телевизийн буянаар олон сайхан хүнтэй хамт ажиллаж уран бүтээлийн зовлон жаргалаа хуваалцжээ. Анд нөхдийн хүчинд хүн болж өдий дайтай яваа болохоор тэрэндээ насан турш талархаж явах учиртай. Тэднийхээ өөрсдийнх нь ярьж амжаагүйг нь та бүхэндээ уламжилъя даа.


...Цагаан морин жил. Энэ бол Монголын ард түмэн нийгмийн хөгжлийн цоо шинэ замд дайн тулаан цус нулимсгүй тайван замаар орсон их хувьсгалын жил байв. Гэхдээ нийгэм сайнтай муутайгаа хөглөрөөд л явж орсон болохоор олон сонин үйл явдал болж тэр цаг үеийг нүдээр үзэж чихээр сонсон, заримд нь гар бие оролцсон бидний амьдралд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээжээ. Хаа ч  улс төр ярина. Захын чавганц хүртэл Санжаасүрэнгийн Зориг, Цахиагийн Элбэгдорж, Эрдэнийн Бат-Үүл, Лам Баасанг таньж тэдэнд талархаж байв. Харин хотын байгууллагуудын намын үүрийн дарга нар талбай руу хурал цуглаанд явсан хүмүүстээ арга хэмжээ авч байсан. Телевизэд маань ч гэсэн өөр уур амьсгалын сэжүүр хэзээний ороод ирсэн үе билээ. Би хувьдаа найруулагч С.Эрдэнбилэгийн хамтаар Австри улсад цагаачлан гарсан Туул гэж эмэгтэйн тухай хоёр цуврал нэвтрүүлэг хийж тэр үедээ дуулиан болсон. Тэрний бичлэгийг найруулагч найз минь Кино үйлдвэрийн нэг хүнээс авч ирсэн бөгөөд угтаа бол сэтгүүлч Ц.Балдорж агсанд байсан маш ховор, тухайн үедээ нууцалж байсан бичлэг юм билээ. Балдорж сэтгүүлчээс асуухад татгалзаагүй тэг л гэсэн.

Ер нь тэр цаг үеийн амьдрал маш сонирхолтой хаа сайгүй л ямар нэг юм болж байдаг байлаа. Жагаа Яармагийн гүүрэн дороос тохойн чинээ одой хүмүүс гарч ирлээ. Зураг авна гээд найруулагч Бадрахыг босгоод   команд авсан цэргийн хүн шиг год гээд гарахад   Амбасэлмаа гуай маань гал гаргадаг Өнөрмаа гэж маш сонин охин оллоо сурвалжлана гээд нэвтрүүлэг хийж ёстой ам ангайлгасансан. Гэтэл болоогүй ээ, найруулагч Ууган Болд редактортай Дарханы ойролцоо нисдэг таваг буусан гэнэ зургийн групп гаргая гэчихсэн харайж явсан юм. Сонинууд бүр эрээ бараагаа алдаж элдвийн юм нийтэлж авгай нөхөр хоёр өвөр түрийдээ орохоо больтол улс төржиж байсан сонирхолтой л цаг үе байсан. Манай Шинжлэх ухааны академийнхан гал гаргадаг Өнөрмаагийн тухай бараг хосгүй үзэгдэл мэт шахуу дүгнэлт гаргасан хэрэг шүү дээ. Манайх ч бас учиртай. Оросын Төв телевизээр “Барабашка” гэдэг үл үзэгдэх амьтан оюутны байр үймүүлж байгаа тухай үзсэн дуулсан хүн дэлхий дэлдийхээр цуврал нэвтрүүлэг үзүүлж байсан юм даг. Нэг өглөө Жагаа хачин яаруу, амьсгал дээгүүр орж ирлээ. Орж ирэнгүүт бичгийн хавтсаа ширээн дээр чулуудаад Барабашкагийн тухай нүдээ эргэлдүүлж гар хөлөө гозолзуулан байж ярив. Бас л нүдэнд харагдаж чихэнд сонсогдтол сүртэй ярьдаг авьяастай шүү дээ.

Нэгэнт Орос ах нар тийм юм эхлүүлсэн болохоор энд бас янз бүрийн ид шидтэний тухай ямар ч хаалтгүй ярьж эхэлсэн хэрэг. Бас нэг өглөө нүд орой дээр гартал хачин юм дуулгав. “Залуучуудын Үнэн” сонины шинэ дугаарт Монгол хүн алмас барьсныг зурагтай нь гаргасан гэв. Тэр өдөржингийн л юм болсон. Гэтэл тэр нь 4 сарын нэгний молиго байсан. Батбаяр гэж товч шиг бөөрөнхий нүдтэй, жижигхэн шонтгор хамартай, анхааралтай сонсвол бага зэрэг шулга яриатай сонин содон юм их бичдэг авьяастай залуугийн хошигнол байсан юм билээ. Тэр үед Жагаа нэг саарал костюмтай би бас нэг тиймэрхүү сааралтай байлаа. Намайг саарлаа өмсөөд ирвэл мань хүн “Чи одоо хүний юм авсан бол өгчихөж бай. Яасан удаан өмсдөг юм. За яахав нөгөөдөр авья” гээд хүмүүст дуулгах гэсэн шиг чанга хэлнэ. Гадны хүн итгэхээр л хэлдэг байсан. Бид яахав маазарч сурсан улс тоглоом болгоод л шуугилдаад өнгөрнө. Жагаа цаанаа юм боддоггүй шулуухан хэлчихдэг болохоор хэнд ч нээлттэй байсан нь тэр. Хаа ч тэр амьтан хүн инээлгэж алиалж хошигносоор л явсан даа. Тэр чанараар нь хүмүүс амархан хүрээлж байсан юм болов уу. Их л олон найзтай болсон юмдаг. 90 оны намар Туяа дарга над итгэл үзүүлж Япон явж сурвалжлах хариуцлагатай үүрэг оногдуулж билээ. Анх удаа хөрөнгөтөн орон руу, дэлхийн хөгжил манлайлагч тэр улс руу явах болсондоо хөл газар хүрэхгүй баярлаж байв. Найм бил үү есөн цуврал нэвтрүүлгийн зураг авч ирээд ирээд удалгүй тэр дор нь Цэвлээ найруулагчтай сууж монтажлан 3 долоо хоног гаргахад би гэдэг хүн олны анхаарлын төвд орж нэг хэсэгтээ ёстой л ” од” болж билээ. Аргагүй л дээ, юм юм хаалттай олон арван жилийн төмөр хөшиг ярагдаж хүн болгон шинэ юманд тэмүүлж байсан үе шүү дээ. Токиогийн гудамжинд жирийн хүмүүстэй амьдрал ярьж, айлд хонож, бас дэлгүүр гуанз амралтын газар орж их л илэн далангүй ярьж үзүүлж байсан юм. Гурав дахь ертөнц тэр чигээрээ бидэнд хаалгаа нээхэд үнэхээр баярлаж юм үзээгүй бидний нүд нээгдсэн намар байсан даа. “Приставка”-тай айл хэдхэн хуруунд багтахаар цөөн, америк кинонуудыг айл айл хэсч хонон шөнөжин үзэцгээдэг байж. Шварцнэггер, Ван Дамм нарыг үзэж “ангайж” байсан гээд бодоход. Нэг өдөр Бадрах Гүрээ хоёр хориотой кинонууд их тархах боллоо гээд нэвтрүүлэг хийх болж цагдаагийн газраас хураагдсан баахан порно видео авчирч хаалгаа түгжиж байгаад бид хэд үзэхэд тэр үедээ л жигтэй юм байсан юмдаг. За тэгээд намайг яваад ирсний дараахан тун удалгүй Жагаа маань холын Америкийг зорих болж бид бөөн баяр хөөр болсон. Манай хажуугийн өрөөнд Жагааг гаргаж өгөх багахан ёслол болов. Бид их л хөөрсөн юмдаг. Нэг мэдсэн би босч Япон явсан “туршлагаа” хэлээд аян замыг чинь мялаая гэж шилтэй “Смирнов” архи задлаад Жагаагийнхаа парикийг авч архины дээжээс толгойд нь дусааж билээ. Дусаах ч гэж бараг стакан архи асгасан юмдаг. Хөөрөөд л тэр шүү дээ. Жагаа маань АНУ-д сар гаруй яваад ирэхдээ арваад цуврал хийсэн нь үнэхээр сайхан нэвтрүүлэг болж биднийг баярлуулсан.

Тэр үед Жагаа бидэнд дундаа ганц англи хэлтэй нь байв. Бас л найзаараа бахархаж байлаа. Америк хүрэх замдаа Жагаа Парисаар дайрч явсан юм. Анхны нэвтрүүлгээ монтажилчихаад юу гэж нэр өгөх вэ гэхэд нь бороотой өвөл байсан юм чинь “Бороотой өвлийн Парис” гээд нэрлэ гэв. Жагаа мөн их баярлаж билээ. Тэр үед бид хэд их дотно ойр байв. Гэр бүлээрээ найзууд, хэн хэнийдээ орж гарна. Хамт наргичихна, уувал ууж, дуулбал дуулаад залуу насны эрч хүчээр хөгжилдөж явсан цаг даа. Тэр цаг үеийн залуу насны хөгжөөн шуугиан холдсоор байна. Нэг өглөө Жагаа бас л нүд нь орой дээрээ гарчихсан шуугиж орж ирэв. “Ууган над руу ярилаа. Намайг техникийн албаны хяналтад “дрослогч” гэдэг ажилд томилоорой гэж Туяа дарга хэлүүлсэн байна. Тэр нь яадаг ажил юм бэ” гэв. Бид нар эхлээд юу гэчихэв гэж гайхаж эргэлзэснээ бүгд тачигнатал, бүр нулимсаа гартал инээцгээв. Урьд өдөр нь Ууган хальт орж ирээд “Танай энэ Парик чинь телевизэд маш хэрэгтэй “товарищ” байна. Зөв хүн авчихаж” гэсэн юм. Ууганы дамшиглах гэж байгааг мэдээд мань эр алиа юм сэдэж дээ гэдгийг ойлгосон тул яриулах гээд “Яаж байна” гэж гэмгүй царайлцгаан асуужээ.

“Хальс арчиж байгаа “дрослогч” чинь хүний биенд муу. Ялангуяа дэргэд нь ойрхон байгаад байвал ус унадаг. Айхтар соронзон оронтой. Энэ париктай товарищад үс унахын зовлон байх биш гэж. Тэр яриаг нь санаад бид Ууган дамшиглажээ гэдгийг шууд ойлгосон. Энэ дурсамжийг уншиж байгаа эрхэм авхай танд нэг юм тайлбарлан хэлбэл зүйтэй. Тэр үед буюу 1988-89 онд манайх Зөвлөлт Холбоот улсад үйлдвэрлэсэн үхэр тэрэг шиг том эвлүүлгийн аппараттай, тэрэнд ордог тогооны таг шиг дугуй дамартай хүнд гэж жигтэйхэн дүрс бичлэгийн соронзон хальс хэрэглэдэг байсан юм. Бичлэгтэй хальсаа ашиглаад дараа нь яг хувцасны чемодан шиг дөрвөлжин юман дээр гамбир хайрч байгаа шиг 10-20 минут эргүүлж хальсаа цэвэрлэж бичлэгийг нь арчина. Тэр нь хүчтэй цахилгаан соронзон орны үйлчлэлээр хуучин дүрсийг хальснаас арчдаг учир хайрцагны ойр байх осолтой, үс унагадаг үргүй болгодог гэсэн яриа бидний дунд тархсан байсан. Гэхдээ бид өдөр болгон л коридорын мухарт хэвтэж байдаг хальс арчигчийн дэргэдээс шинэ өдрийн ажлаа эхэлдэг байсан. Яагаад гэвэл монтажид орохын тулд монтажлах хальсаа цэвэрлэх хэрэгтэй. Ингээд үсгүй сэтгүүлч телевизэд ирсэн, тэр залуугаар л хальс арчуулбал яг тохирно гэсэн хошин яриаг Ууган дэгдээсэн нь анх учрыг нь олоогүй Жагаад ажлыг нь өөрчилж техникийн албанд шилжүүлчихлээ гэсэн ойлголт өгчээ. Найз маань тэр өглөө шуугин орж ирсэн нь ийм учиртай. Учрыг нь мэдээд өөрөө бас хөхөрч “Ууганыг алнаа” гээд гэмгүй гараад явсансан.   / Үргэлжлэл бий /

 
 
Нийтэлсэн: Г.Золжаргал

Бороотой өвлийн Парис  
Үзсэн: 4308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
2.206.0.xxx [2.206.0.xxx] 2014-03-22 01:58
Yooyo, bi baahan ineev. Ih zugaatai bailaa.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-18 12:18
золоо ахдаа амжилт сайн сайхан бүхнийг хүсье, чадварлаг, мундаг, хамгийн гол нь хүн чанартай
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2014-01-17 16:36
Zoljargal setgeuulch/suuliin yed setguulch ner zuusnuudiin derged jinhene setguulch/-iin ene tsuvarluudiig nom bolgood gargaval saihan nom boloh ni dee. Mani hun bodoj baigaa bailgyi dee
202.170.80.xxx [202.170.80.xxx] 2014-01-17 10:06
unheeer saikan bichjee bichij baigaa hun n yrih olon zuiltei yrih olon saikhan onigootoi bolhoor argagvi shuu mundag setguulch nar baisan jinhene l tsag uyiin zaluuchuud bailaa
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-16 18:11
Үргэлжлэл хүлээж байя.........................
77.12.73.xxx [77.12.73.xxx] 2014-01-16 16:56
tanii bichsen niitlel chin ix sonirxoltoi saixan niitlel bn aa bi urgeljilii n tesen yadan xuleej bn Parik Jagaa ix bolovsroltoi saixan zaluu baisan shuu Mongoliin ulger jishee zaluugiin neg baisand bi ergelzdeggui. naiziigaa dursaj bgaad tand talarxaj bn Tand ajiliin amjilt xusie

Бидэнтэй нэгдээрэй