Шууд Chart

Аргентинд 3 өдрийн гашуудал зарлалаа

2018-11-18 13:24:22

2017 оны 11 дүгээр сард сураггүй болсонд тооцогдож байсан "Сан Хуан" шумбагч хөлгийн багийнхан амь насаа алдсантай холбоотойгоор Аргентиний Ерөнхийлөгч Маурисо Макри улс орон даяар гурван өдрийн гашуудал зарласан байна.

Мөн Аргентиний Ерөнхийлөгч шумбагч хөлгийг эрэн хайх ажиллагаанд оролцсон бүх улс орнуудын тусламжийг өндрөөр үнэлж, гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Аргентины Мар Дель Плата дахь тэнгисийн цэргийн хүчний баазын командлагч Габриэль Аттис дэлбэрэлт болсон шинж тэмдгүүд бүхий ихээхэн эвдэрч сүйрсэн "Сан Хуан" шумбагч хөлгийг илрүүлснээ зарласан юм.

Тус шумбагч хөлөг Ушуайя тэнгисийн цэргийн баазаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр далайд гарснаасаа хойш сураггүй болсон. Шумбагч хөлөг 44 хүнтэй явсны дотор дэлхийн түүхэнд анхны эмэгтэй шумбагчид тооцогддог Элиана Мария Кравчик байсан юм.

Шумбагч хөлгийн багийнхан эх газартай хамгийн сүүлд холбоо тогтоохдоо осол гарсан тухай мэдэгдэж байжээ. Аргентины тэнгисийн цэргийн хүчнийхэн мөн "Сан Хуан" хөлөг ор сураггүй болсон нь дэлбэрэлттэй холбоотой тухай мэдэгдэж байсан билээ.

Шумбагч хөлгийн байгаа газрыг Америкийн "Оушн Инфинити" компанийхан тогтоож илрүүлсэн юм. Хөлөг сураггүй болсон газрын 800 метрийн гүнээс 60 орчим метрийн урттай том хэмжээтэй зүйлийг анх тус компанийнхан илрүүлснээр хөлгийн үлдэгдлийг олжээ.

"Сан Хуан" шумбагч хөлгийг Герман улсад үйлдвэрлэсэн бөгөөд Аргентиний тэнгисийн цэргийн баазад 1987 оноос анх ашиглаж эхэлсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аргентинд 3 өдрийн гашуудал зарлалаа   
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй