Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзав

2018-11-20 14:01:05

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2018.11.20) хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах талаар хийж байгаа ажил, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцах  зорилготой тус уулзалтад УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг болон төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байр гарган авч ажиллуулах, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, зориулалтын дэд бүтэц бий болгох зэргээр нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийж байгаа ажлаа байгууллагуудын төлөөлөгчид танилцуулахын зэрэгцээ цаашид хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлаа ярив.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс хийсэн мэдээлэлдээ, 25-аас дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага 25 хүнд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ногдох байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах журмыг зарим салбар байгууллагууд огт хэрэгжүүлэхгүй байгааг онцлон дурьдсан. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг огт ажиллуулахгүй байгаа нь шалгалтаар тогтоогдсон хэмээв.

Байгууллагуудын тайлан мэдээллийг сонссоны дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр байгууллагууд хойрго ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, цаашид “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах болон бусад хүрээнд чанартай ажил хийхийг даалгалаа.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын албан тушаалтнуудтай уулзав  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй