
Германы эрх баригч "Христийн ардчилсан холбоо" нам өөрийн удирдагчаар Ангела Меркелийн оронд 56 настай Аннегрет Крамп-Карренбауэрыг сонголоо.
Сүүлийн бараг хагас зуун жилийн хугацаанд Германд одоо эрх барьж байгаа "Христийн ардчилсан холбоо" намын даргын сонгууль ямар нэг өрсөлдөөнгүй болж байсан гэж хэлж болох бөгөөд хэзээ ч даргын албан тушаалд хоёроос илүү хүн нэрээ дэвшүүлж өрсөлдөөгүй байлаа.
Тэгвэл энэ удаагийн намын их хурлын төлөөлөгчид гурван нэр дэвшигчээс даргаа сонгох хэрэг гарч, хоёр шатны санал хураалтын дүнд 52-ын эсрэг 48 гэсэн маш бага зөрүүгээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Аннегрет Крамп-Карренбауэр сонгогдлоо.
Германы консерваторуудын их хурал зөвхөн германы гэлтгүй мөн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн анхаарлыг маш их татлаа. Энэ нь консерваторууд намын даргаа сонгохын тулд шинэ арга барил хэрэглэсэн гэхээс илүүтэйгээр тус намыг 18 жил тасралтгүй удирдсан Ангела Меркель намын даргын албанаас бууж байгаатай холбоотой байлаа.
"Христийн ардчилсан холбоо" намтай хамт эрх барих эвсэлд багтдаг Социал-демократууд өнгөрсөн 18 жилд 10 дарга сольсон байх жишээтэй. тэд шинэ даргынхаа нэрийг АКК гэж товчилж байна. Хатагтай АКК 999 саналаас 517 санал авч, хоёр дахь шатны санал хураалтаар сонгогджээ. Түүний өрсөлдөгч Фридрих Мерц 482 санал авчээ.
"Христийн ардчилсан холбоо" намын даргыг хоёр жилийн хугацаатай сонгодог, Аннегрет Крамп-Карренбауэр өмнө нь Саар мужийн Ерөнхий сайд байж, сүүлийн нэг жилд "Христийн ардчилсан холбооЕ намын ерөнхий нарийн бичгийн дарга буюу өөрөөр хэлбэл, Тамгын газрын даргын албыг хашиж байлаа.
Хатагтай АКК намын дарга боллоо гээд Германы улс төрд ямар нэг дорвитой өөрчлөлт орохгүй хэмээн шинжээчид харж байна. Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр "Христийн ардчилсан холбоо" нам Бавари болон Гессен мужид болсон сонгуульд амжилт муутай оролцсонтой холбогдуулан Ангела Меркель намын даргаасаа бууж, 2021 оны намар буюу энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл канцлерын албандаа үлдэнэ гэдгээ мэдэгдсэн.
Крамп-Карренбауэр бол Меркелийн дэвшүүлсэн хүн, намаа удирдах ч гэлээ канцлерт ая тал зассан хэвээр байна гэж зарим судлаач үзэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хатагтай АКК үйл ажиллагаагаа “Бүх юм байдгаараа үлдэнэ” гэсэн дөрвөн үгээр илэрхийлэх бололтой.
Гэхдээ энэ нь намын шинэ дарга юм болгонд Меркелийг дагана гэсэн үг бас биш юм. Германы хэвлэл мэдээлэл түүний үзэл баримтлалыг: нийгэм-эдийн засгийн асуудалд Меркелээс арай зүүн бодолтой ч бусад асуудалд консерватив байр суурь баримтална гэж тайлбарлаж байна.
Германы "Христийн ардчилсан холбоо" нам шинэ даргаа сонголоо | ||
Үзсэн: 2206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.