Шууд Chart

БНХАУ оргосон авлигачийг эх орондоо авчирчээ

2018-12-15 10:09:40

БНХАУ Шинэ Зеландын хууль сахиулах байгууллагын тусламжтай Интерполын “улаан зуутын” жагсаалтад багтсан 55 дахь оргосон авлигачийг эх орондоо буцаан авчирчээ. Хятадын Коммунист намын сахилга батын төв хорооны мэдээлснээр энэ хүн бол Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд дарга Цян Лэй юм байна.

Цян Лэйг авлигын гэмт хэрэгт буруутгах үед тэрбээр Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны дэд дарга, БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлийн олон улсын худалдааг дэмжих хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 2007 оны дөрөвдүгээр сард Цян Лэй Шинэ Зеланд руу зугтаж, мөн оны тавдугаар сард Бээжин хотын Сичэн дүүргийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж, зургаадугаар сард түүнийг баривчлах зөвшөөрөл авчээ.

2007 оны долоодугаар сард Интерпол Хятад улсын хүсэлтээр Цян Лэйг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгааг зарласан байна. 2015 оны дөрөвдүгээр сард Хятад улс хилийн чанад руу оргон зугтсан авлигачдыг, намын гишүүдийг баривчлах, эх оронд нь эргүүлэн авчрах “Тэнгэрийн тор” нэртэй нийт үндэстнийг хамарсан кампанит ажиллагаа эхлүүлсэн.

Хятадын эрх баригчид авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа, эрэн сурвалжлагдаж байгаа 100 хүний нэрийг Интерполд өгсөн юм байна. БНХАУ “Тэнгэрийн тор” ажиллагааг эхлүүлснээс хойш дэлхийн 120-иод орноос 4.8 мянга гаруй авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг эргүүлэн авчирчээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаар Хятад улсад авлигын эсрэг өргөн хэмжээний тэмцэл эхэлсэн. Тэр цагаас хойш 1.5 сая гаруй түшмэлүүд намын сахилга бат зөрчсөн болон авлигын хэргээр шийтгэл аваад байна.

Бээжин оргосон эдгээр хүнийг эргүүлэн авчрах талаар гадны улс орнуудтай байнга идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ оргосон авлигачийг эх орондоо авчирчээ   
Үзсэн: 1247 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-16 10:18
Manaih ch eh orondoo bgaad bhad ni tooh ch vgvi ymaa

Бидэнтэй нэгдээрэй