Шууд Chart

Гүржид шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно

2018-12-16 15:52:55

Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Саломе Зурабишвили өнөөдөр тангараг өргөж албан тушаалдаа орно. Төрийн шинэ тэргүүний тангараг өргөх ёслол тус улсын зүүн хэсэгт орших Телави хотод орон нутгийн цагаар 15.00-д эхэлж, 40 орчим минут үргэлжлэн гэсэн мэдээ байна. Манай эриний 1-р зуунд үүсэн байгуулагдсан энэ хот Тбилиси хотоос 105 километрт оршдог.

Ёслол хааны “Батонис цихе” цогцолборт болох бөгөөд энэ цогцолбор 1720-1798 онд Гүрж улсад эрх барьж байсан 2-р Ираклий хааны өргөө байсан. Энэ цогцолбор улс оронд хадгалагдан үлдсэн хааны цорын ганц өргөө юм байна. Хатагтай Зурабишвили Үндсэн хуулинд үнэнч гэдгээ тангараглана. Тангарагыг орчуулах юм бол: “Гүрж улсын ерөнхийлөгч би бурхан болон ард түмнийхээ өмнө Үндсэн хууль, улс орны тусгаар тогтнол, эв нэгдэл, салшгүй байдлыг сахиж, ард иргэдийнхээ аюулгүй байдал, аж амьдралд санаа тавьж, миний ард түмэн, улс орны цэцэглэн хөгжилтын төлөө тэмцэнэ гэдгээ тангараглая” гэсэн агуулгатай юм байна. Ёслолын арга хэмжээнд зэвсэгт хүчний 200-аад алба хаагч, 1800-аад гадны болон дотоодын зочид төлөөлөгчид оролцох бөгөөд гаднын зочид дотор 55 орны төлөөлөгчид байна. Нэр хүндтэй хүмүүсийн дотор Франц улсыг төлөөлж тус улсын ерөнхийлөгч асан Николя Саркози оролцоно, тэрбээр ерөнхийлөгч байхдаа 2008, 2011 онд 2 удаа Гүржид ирж байжээ.

Гүржид өнгөрсөн сарын 28-нд ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгууль болж Зурабишвили 59,52 хувийн санал авч ялсан. Хэдийгээр Гүржид 2010 онд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, ерөнхий сайдын бүрэн эрхийг тэлснээр ерөнхийлөгчийн бүрэн эрх багассан ч гэлээ ерөнхийлөгч урьдын адил төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэвээр байна. Энэ удаагийн сонгууль болж өнгөрснөөр Гүржид ерөнхийлөгчийг шууд санал хураалтаар сонгодог явдал дуусаж байна.

Цаашид ерөнхийлөгчийн 300 депутатаас бүрдсэн коллеги сонгох бөгөөд энэ 300 депутатын 150 нь парламентын гишүүд, нөгөө 150 нь орон нутгийн төр засгийн байгууллагын төлөөлөгчид байх нээ. 2018 оны 12-р сарын 16 буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байгаа Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтөөр Гүрж улс парламентын засаглалтай улс болж байна.    

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гүржид шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болно  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй