Шууд Chart

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар улсад айлчилж байна

2018-12-18 08:47:08

Катар Улсад айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль-Танитай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтын үеэр бүс нутаг болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, үүний хүрээнд Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Катар Улсын Гадаад хэргийн яам хооронд зөвлөлдөх уулзалт хийх тухай харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг баримт бичгүүдийг байгуулах талаар ярилцав. Мөн Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль-Тани-г тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урив.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Катар Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Танитай уулзаж, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, Монгол Улсад 2020 онд зохион байгуулагдах Азийн хүүхдийн наадмын бэлтгэлийг хангахад хамтран ажиллах, Монгол Улсад түлхүү хөгжсөн спортын зарим төрлүүдийн багш, дасгалжуулагч нарыг Катар Улсад ажиллуулах зэрэг асуудлыг хөндөв. Катар Улсын Олимпийн хорооны Ерөнхийлөгч Шейх Жоаан бин Хамад Аль-Тани хамтран ажиллах сонирхлоо давтан илэрхийлж, жүдо бөхийн төрлийг хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байгаагаа мэдэгдэв. Түүнчлэн Шейх Жоаан бин Хамад Аль-Тани тус улсад 2022 онд зохион байгуулагдах Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын талаар танилцуулав. 


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар улсад айлчилж байна   
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй