
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр уламжлал ёсоор хэвлэлийн их хурал хийж байна. Энэ удаагийн их хурал Владимир Путин өнгөрсөн тавдугаар сард төрийн тэргүүний албан тушаалд очсоноос хойш анхных нь боловч 2001 оноос хойш 14 дэх удаагийнх нь юм.
Энэ удаагийн хэвлэлийн их хуралд ямар нэг шинэлэг зүйл огт байхгүй. Бүх зүйл болдог ёсоороо болно. Тэгээд ч энэ арга хэмжээний гол зорилго холбооны ч бай, орон нутгийн ч бай, гадаадын ч бай бүх сэтгүүлчид ямар нэг саадгүйгээр төрийн тэргүүнтэй харилцан ярилцахад оршиж байдаг.
Энэ удаагийн их хурлаар эдийн засаг болон олон улсын харилцааны асуудал маш их тавигдаж байна. Ялангуяа Орос-Америкийн харилцааны өнөөгийн байдал их хөндөгдөж байна. Мөн хэвлэлийн их хуралд оролцох зөвшөөрөл авсан сэтгүүлчдийн олонх нь бүс нутгийн сэтгүүлчид байдаг тул мужуудын асуудал, тэнд тулгарч байгаа бэрхшээлтэй холбоотой асуулт маш их тавигдаж байна.
Холбооны улсын хэмжээнд тавигдаж, яригдаж байгаа бэрхшээл мужуудынхаас тэс ондоо байдгаас болж Владимир Путин сэтгүүлчдээр дамжуулан өөрийн аливаа асуудлаарх үзэл бодол, байр сууриа ард олонд хүргэхэд ашигладаг. Энэ удаагийн их хуралд 1702 сэтгүүлч оролцох эрх авсан нь нэг ёсны дээд хэмжээ тогтоосон бол 2001 оны анхны арга хэмжээнд 500-аад сэтгүүлч ирж байсан байдаг. Харин өнгөрсөн оны арга хэмжээнд 1640 сэтгүүлч ирж байсан.
Гадаадын сэтгүүлчдийн хувьд Азербайжан, Белорусь, Их Британи, Герман, БНХАУ, АНУ, Украйн, Япон болон бусад орны сэтгүүлчид байна. Сэтгүүлчид Ерөнхийлөгчийн анхаарлыг өөртөө татаж, асуулт тавихын тулд уламжлал болсон арга барилыг хэрэглэж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, тэд янз бүрийн зөөлөн тоглоом, хүний нүдэнд тусахуйц хурц тод өнгөтэй плакат, уриа лоозон өргөх гэх мэт аргыг хэрэглэж байгаа нь харагдаж байна.
Иймээс хэвлэлийн их хурлыг зохион байгуулагчид А3-аас дээш хэмжээний плакат, лоозон авчрахгүй байхыг хүссэн байна. Хэвлэлийн их хуралд оролцогчдод гарын бэлэг өгдөг. Энэ удаад зөвшөөрөл авсан сэтгүүлчдэд хавтас, хоёрдогч түүхий эдээр хийсэн цаасан дээр хэвлэсэн, 2019 оны ширээний хуанли, бал, тэмдэглэлийн дэвтэр өгчээ.
Владимир Путины зохион байгуулдаг энэ арга хэмжээ оролцогчдынхоо тоогоор “их” гэдэг нэр аваагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Энд бас хурал хэр удаан үргэлжлэв гэдгийг тооцдог. 2001 оны уулзалт ердөө 1 цаг 35 минут үргэлжилсэн байдаг. Хамгийн удаан үргэлжилсэн уулзалт нь 2008 оны уулзалт 4 цаг 40 минут үргэлжилсэн байдаг.
Тэгээд ч 2004 оноос хойш уулзалт 3-аас дээш цаг үргэлжилж байсан. Хэвлэлийн их хурал хэн нэг хүний найруулга дор явагддаггүй, бүхнийг Владимир Путин өөрөө шийддэг, өөрөө ч энэ арга хэмжээнд маш их бэлтгэлтэй оролцдог.
Үндсэндээ энэ арга хэмжээг Владимир Путин 2018 онд хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж байгаа гэдгээр ойлгож болно.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн 14 дэх удаагийн хэвлэлийн их хурал | ||
Үзсэн: 1474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.