
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 20-ны өдөр 2018 оны хэвлэлийн их хурлаа хийсэн. Тэрбээр 14 дэх удаагаа сэтгүүлчидтэй ийм хэлбэрээр ярилцлаа. Энэ жил тус хурал 3 цаг 43 минут үргэлжилж, 53 сэтгүүлч Оросын удирдагчид асуулт тавьжээ.
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж, Путинд тавьсан асуулт, хариултад тайлбар хийж эхлээд байна. Жишээлбэл, АНУ-ын “The Wall Street Journal” сэтгүүл "Оросын Ерөнхийлөгч Путин АНУ-ыг зэвсэглэлийн шинэ хөөцөлдөөн дэгдээсэн, цөмийн дайны аюулыг хурцатгасан хэрэгт буруутгалаа. Мөн тэрбээр ойрын болон дунд зайны пуужингийн тохиролцооноос гарсных нь төлөө эрс шүүмжилсэн ч гэлээ Сириэс цэргээ гаргахаар болсон Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Америкийн цэрэг Сириэс бүрэн гарна гэдэгт Путин эргэлзэж байх шиг байна" гэж бичсэн байна.
Тэгвэл “Нью-Йорк таймс” сонинд "Путин ОХУ-ыг задран унаж байгаа өрнөдтэй харьцуулахад тогтвортой байдлын арал" гэлээ. Түүний хэлснээр "Трампыг Ерөнхийлөгчөөр сонгосноор британчууд Европын Холбооноос гарах болсноор англи-саксоны ертөнц донсолгоонд орж байгаа юм байна" гэсэн байна.
“Вашингтон пост” сонин "Путин жил тутмын хэвлэлийн их хурлаараа “Брексит бол Брексит” гэдгийг маш тодорхой ойлгуулж, ОХУ Британийн Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгааг илэрхийллээ гэж байна.
“USA today” сонин "Америкийн цэргийг Сириэс гаргах болсон Ерөнхийлөгч Трампын зөв. Путин Трампыг “Дональд” гэж нэрээр нь дуудсан. Путин Трампыг нэрээр нь дуудлаа гээд Вашингтон, Москва хоёр ойртох нь юу л бол" гэж бичиж байна.
“Политико” сонин Владимир Путины хэвлэлийн их хурлын талаар бичихдээ "Путин оны сүүлд ийм хурал хийснээр гадаад болон дотоод бодлогыг хэрхэн нарийн мэргэжлийн байдлаар ойлгож байгаагаа дэлхий ертөнцөд харуулдаг. Энэ удаад ч гэсэн тэрбээр энэ боломжийг маш сайн ашиглалаа. Ингэснээр тэрбээр Вашингтоныг төдийгүй тэдний холбоотнуудыг хүртэл самгардуулаад авлаа. Путин Америкийн удирдагчтай уулзах хүсэлтэй байгаа ч хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байгаагаа хэллээ" гэж байна.
“Ассошиэйтэд пресс” агентлаг "Путин цөмийн дайн дэгдэх аюулын талаар анхаарууллаа. Ингэхдээ тэрбээр гол бурууг АНУ-д тохож байна. Ойрын болон дунд зайны пуужингийн тогтоолоос гарснаар хариуцлаггүй алхам хийсэнд буруутгаж байна. Энэ нь Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор ОХУ, АНУ-ын харилцаа сайжрах гэх найдлага унтарсан гэдгийг илтгэн харууллаа гэлээ.
Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Владимир Путины хэвлэлийн их хурлын талаар ингэж бичиж байна | ||
Үзсэн: 1728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.