Шууд Chart

Эгшиглэнт “Струга”-гийн тэмдэглэл

2014-01-27 14:59:17

Струга... Энэ үгийг сонссон Македоны хил гаалийн ажилтан хүндэтгэлтэйгээр тосон авч нэгэн хаалгаар гаргаж өгвөл зорчигчид хүлээн авах танхимд шууд ороод ирэх нь тэр. Стамбулын онгоцоор бидэнтэй хэд хэдэн улсын яруу найрагчид хамт ирцгээснийг тэнд мэдэв. Угтагсадын дотор архитекторч, орчуулагч Намдагжинчивын Лийтэв бээр тосов, бид халуун дотноор тэврэлдэн золговай.Тэр бол энэ улсад суугаа ганц элэг нэгтэн минь билээ. Сүүлийн жилүүдэд монгол найрагчдын шүлгийг Македон хэл дээр, Македон найрагчдын бүтээлийг монголруу хөрвүүлэх ажлыг сэтгэлийнхээ дуудлага, зүрхнийхээ даалгавараар хийж байгаа уран бүтээлч юм.
           Македоны нийслэл Скопо хот шөнийн үзэсгэлэндээ автжээ. Бид шууд л Струга хотруу гарлаа. Хот хүрэх зам урт болоод өгсөж уруудах нь нэгэн дор, энтээд уулс сүглийж, тэндээд нуурын толионоо тосгодын гэрэл оддын гялга мэтү анивчина. Заримдаа ой дундуур хоёр машин зөрөхийн төдий зайд хурдлахад моддын мөчир цонх шилбүүрдэх дуулдана. Гурван цаг гаран давхиад Струга хотод ирлээ. Шөнийн хоёр цаг хэдий нь өнгөрсөн боловч Дрим зочид буудлын үүдэнд зочид олонтой. Ихэнх нь яруу найргийн наадмын төлөөлөгчид буй за. Энэ мөчөөс би ч тэдний нэг болов.   Өрөөний дугаар 236. Цонх нь яг Охрид нуурлуу харжээ. Чийг үнэртсэн хөх сэвшээ бидэртэнэ. Аяны тоосоо гөвж усанд орж аваад орондоо оров, тэнгэрт 11 цаг аялжээ. Чингис хааны нэрэмжит онгоц буудлаас хөөрч, Киргизийн алдарт Манас туулиар нэрлэгдсэн онгоцны буудалд дөрөө мултлан саатаад, Турк улсын эцэг-Ата Туркийн нисэх буудалд унаагаа юулэн, цэргийн алдарт жанжин Александ Македоны нэрэмжит буудалд хөл тавив шүү. Эр хүний замын хүзүү урт гэж үнэн аж. Дэлхийн цөөхөн цэнгэг нуурын нэг Охридын давалгаан чимээ цонхон цаана цалгилмуй. Шинэ орон нутагт нойр дандаа л сэрвэлздэг нь ёс юм хойно доо. Тийм болохоор Монголын соёл яруу найргийн академиас       эрхлэн хэвлүүлж авчирсан Македоны орчин үеийн шилдэг яруу найрагчдын нэг Бранко Цветовскиийн “Зүүдний цагаан унага”   номыг харжээ хэвтэв. Түүнийг М.Лийтэвийн хадмалаар би-вээр монголчилсон билээ л...Сонгодог монгол бичиг,македон болон монгол хэлээр зэрэгцүүлэн хэвлэсэн жижигхээн шүлгийн түүвэр. Хэлбэр болоод санаа, ая дан болоод бадаглал зэргийг нь хадгалах   гэж хэт их хичээсэн нь оносон эсэхийг бүү мэд, уншигчид л яллах хэрэг. Түүний бүтээлүүд Араб, Турк, Англи,Хятад, Румын, Грек, Серб,Болгар, Албани, Испани хэлнээ хэвлэгдсэн аж.Одоо Монгол гэж нэмэгдэх болно. Эх орны минь алдар нэр номын цагаан буян дагаж дэлгэрэн түгэхболтугай.Улс гүрнүүдийн утга зохиол бие биенийхээ хилийг болон хэлийг нэвтрэн уншигч түмнээ ариусган гэгээрүүлж байг.Үе үеийн найрагчдын чин хүсэл ийм буюу.Тэгээд ч дорнын их найрагч Бэгзийн Явуухулан “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй...” гэж догдлон уулгалжээ. Тийнхүү бас 51 жилийн тэртээ Македоны ах дүү яруу найрагч Миладонавчууд “Стругагийн үдэш” олон улсын яруу найргийн наамдыг үүсгэжээ. Улс орон нь тийм их баян бус ч энэ наадмыг одоо хүртэл хийсээр, улсын төсөвтөө жил бүр   хөрөнгө мөнгийг нь тусган шийдвэрлэсээр ажээ. Цаашид ч энэ наадам хэдэн зуун жил үргэлжилсээр байх болно. Дэлхийн улс түмнүүд Македон гэдэг улсыг “Стругагийн яруу найргийн үдэш” наадмаар л мэддэг ажу. Энэ жилийн наадамд 50-иад орны яруу найрагчид ирчухуй. Өнөө жилийн Струга-2012 наадмын алтан титэм шагналыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын яруу найрагч Монгани Валли Сероти хүртэв. Аль тэртээх 10-р зууны үед баригдсан эртний сүмд болсон шагнал гардуулах ажиллагаа гүн хүндэтгэл, дэг журам, төгс ёслолын дагуу явагдах аж. Сүмийн найрал хөгжим алгуурхан эгшиглэж, ёслолын хувцас бүхий хоёр хөтлөгч гарч ирэн нэр дэвшигчийг зарлах бөгөөд түүний уран бүтээлийн тухай илтгэлийг Македоны утга зохиол судлаач эрдэмтэн тавьж, дараагаар     нь нэр дэвшигч яруу найрагч бээр шүлэг зохиолоо унших бүлгээ. Шагналыг тус улсын ерөнхийлэгч Жоржи Иванов гардуулав. Яг энэ мөчөөс эхлэн бидний дунд алхаж явсан, хэлэцүүлэг уншлагад мөр зэрэгцэн сууж асан өнөөх найрагч тусгай машин хөлөглөн одох бөгөөд ойр зуур явах усан онгоцыг   тав арван минут саатуулах нь энүүхэнд бөгөөд яав ийв болоход “шагналтан”- аа хүлээж байна гэх бүлгээ.Төд удалгүй урт хар машинаас залуухан хар эхнэрээ дагуулсаар гарч ирэх энэ африк эр манай Цоодол найрагчтай тоолцол нас , төөлбөл бие чацуутан, өндөр ханхар эрсэн билээ. Өнгөт арьстны эрх чөлөөний төлөө шүлэг дууллаа өргөж нэрд гарсан найрагсанж. Нэг шүлгэнд нь “... хар арьстнууд та нар ярьж, тэмцэж сур, цагаан арьстнууд та нар амаа хамхиж, сонсож сур ...” гэсэн шиг санаа бүхий мөр байдаг бололтой. Түүний уран бүтээлийн тухай илтгэл тавигч судлаач   яг энэ мөрөөр нь илтгэлээ дуусгаж, “...за би амаа хамхиж, сонсох минь...найрагч та ярьтугай...” гэсэн билээ. Найрагч ч сүрхий урт ярьж шүлгээ мөн л унжруу сунжруу уншсансан...Хүмүүсийн ярихыг сонсвол энэхүү шагнал гардуулах ёслол нь “Нобелийн шагнал” гардуулах утга зохиолын ёслолтой тун ижил дараалал, журамтай юм байна гэцгээх аж. Сонирхуулахад , Стругагийн яруу найргийн наадамд оролцож байсан найрагч зохиолчдоос таван ч хүн “Нобелийн шагнал” хүртсэн юмдаг уу. Хэн хэнийг ч дурсав даа,лав л Йософ Бродскийг хэлж байсан санагдана. Энэ мэт   үдэш бүр л утга зохиолын тухай шинэ сонин сайхан мэдээ дуулна. Өөр, өөрийн төрөлхи хэлээр шүлэг зохиолоо уншихыг таашаан сонсоно. Дотоод сонсголоороо найраг сонсохын гайхамшгийг тэнд очсон хүн л мэдрэнэ. Хаа газрын найрагчид хачин адилханыг гайхму би.. Гэгээн алсад одохсон гэцгээх аж. Хаа байсан Австрали,Япон, Америкаас ч иржээ. Шүлэг сонсох гэж, эх хэлээрээ бичсэн шүлгээ догдлон унших гэж, эх орныхоо утга зохиолыг сурталчлан таниулах гэж ирцгээжээ. Бид гурав ч бас адилхан. Яруу найргаа гэх сэтгэл зүрх минь хэмжигдэшгүй.
             Охрид нуурын усруу түрж орсон Дрим голын   гүүрэн дээр тайз засчээ. Бүдүүн хулсыг шургааглан боож хооронд нь хэц татаад хоосон зайн дунд нь   сонгодог монгол бичгээр бичсэн каллиграфуудыг дүүжилсэн нь тэнгэрийн дэлгэцэн дээр тодроод өвөрмөц харагдах бөгөөд тун ч модерн дүрсийг үүсгэх аж. Баруунтаа нь төрийн далбаагаа байрлуулав. Тайзан дээр яруу найрагч Г.Мэнд-Ооёо, архитекторч, орчуулагч Н.Лийтэв “ГУНУ” сэтгүүлийн эрхлэгч, залуу шүлэгч О.Мөнхнаран, бид дөрөв гарч сууцгаалаа. Бүгд үндэсний дээл хувцасаараа гоёцгоосон билээ. Тэр тусмаа Лийтэв бол бүр ч онцгой содон харагдаж байв. 32 угалзтай ээтэн монгол гутал,бүсэндээ хавчуулсан хээ хуар бүхий тамхины уут, улаан залаат 4 талт малгай, үргэлжид зүүж явдаг Чингис хааны дүрс бүхий дугуй мөнгөн зүүлт, гурваар л сүлжээгүй болохоос мөр давсан урт хар гэзэг зэрэг нь өвөг дээдсийг эрхгүй санагдуулна.
 
 
 Монгол Монгол эр Лийтэв алхана
 Морь л хөтлөөгүй нь тиймхэн ажу   
 
 Улаан залаатай дөрвөн талт малгай духдуулжээ
 Уртаа үсээ гурваар сүлжээд үзүүрт нь сур уяжээ.
 
 Түмэн наст хээ бүхий хөх торгон дээлэн дээр
 Дөрвөн хүчтэн сийлсэн мөнгөн бүс бүсэлжээ
 
 Аяа, донж төгөлдөр хийгээд зохисон гэдэг нь ванлий яа 
 
 Чин дотноор инээмсэглээд мэлмийн гал нь гэрэлтэнэ
 Чингис хааныг товойлгосон алтан зүүлт нь гялбана
 
 Хавтага гэмээ нь хавтага утас ороож оёсон аж
 Гутал гэмээ нь гутал гучин хоёр угалзтай аж
 
 Найргийн наадмын талбар чимж 
 Намдагжанчивын Лийтэв алхана
 
 Чингисийн монгол, Чингисийн монгол алхаж явна... гэж
 Тэнгис зүгийн хэдэн хүүхнүүд хошууран дагана
 
  Хонгор нутгийн хүү чи яасан чиг хол суунам бэ,
  Хоолой дээр зангирч, зүрхэн аглаг хөндүүрлэнэ
 
                Струга-2012 наадмын ерөнхийлэгч нээлтийн үг хэлснээр Монголын яруу найргийн үдэш эхлэв. Г.Мэнд-Ооёо “Хуучин сүмийн дээвэр дээгүүр саран мандана...” тэргүүт шүлгүүдээ, би “Миний ертөнц” сонет цэцгэн эрхиэсээ төрөлхи хэлээрээ харин тэндхийн жүжигчин бүсгүй бидний шүлгийг   македон хэл дээр уншив. О.Мөнхнаран шүлгээ дагалдуулан   монгол дуу дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг татав. 
 эх орныхоо байгалийн сайхан, хүн зоныхоо аж амьдралыг харуулсан баримтат кино ч үзүүлэв. Монголын уугуул Македоны суугуул   Н.Лийтэв   энэ наадмын үеэр Монголын 24 найрагчийн намтар, шүлэг багтсан “Монголын орчин үеийн яруу найраг” антологийг орчуулан бэлтгэж, “Миний ертөнц” сонет цэцгэн эрхи номыг минь орчуулан Македон улсад хэвлүүлжээ. Номын зураг чимэглэлийг өөрийнхээ уран зургаар чимсэн нь тун ч донжтой болсон байв. Тэрбээр энэ үдэш Струга-яруу найргийн үдшийн сүлд дуулал болсон “Өмнөд нутгаа эгээрэхүй...” шүлгийг аялгуу сайхан монгол хэлээр дуудсан нь   наадмын зочид болоод шүлэгт дуртай Струга хотынхоны бахыг ганц хангав бололтой. Дээрхи шүлгийг 19-р зуунд энэ хотод төрж өссөн яруу найрагч, Струга наадмыг санаачлагч Дмитри Миладонов алс хол Москва хотноо суралцаж ахуйдаа эх нутгаа үгүйлэн санаж шүлэглэсэн   бөгөөд эндхийн хүн бүрийн   зүрхэн тарни ажээ.Ийнхүү монголын яруу найргийн үдэш 2 цаг гаран эгшиглэв. Дараа нь уншигчидтайгаа дурсгалын зураг авахуулах, македон хэл дээр гарсан номууд дээрээ гарын үсэг зурж дурсгах хормууд үргэлжлэв. Үнэхээр шүлэгт дуртай ард түмэн аж, удтал тарсангүй, Дрим голын гүрээр зугаацан сэлгүүцэх олны урсгал шингэрсэнгүй. Струга- яруу найргийн наадмын үдшийн бас нэгэн онцгой үзэгдэл нь энэ буюу. Тэд лавтайяа 7 хоног унтдаггүй аж.   Бүтэн жилд нэг л удаа болдог яруу найргийн   баяраа “...Хойтон жилийн наадам хол байна даа хол байна ...” гэж хоног тоолон хүлээдэг Монголчууд шиг л саравчилдаг байна.
          Өглөө эрт Охрид нуурын эргээр алхах сайхан билээ. Нуурын ус үнэхээр тунгалаг аж. Ёроолынх нь элсний ширхэг бүхэн тэмтрэгдэнэ. Цэнгэгээрээ манай Хөвсгөл, Оросын Байгаль, Киркизийн Исыккул нуурын дараа ордог бололтой. Эргийг нь дагасан элс хайрга шижиртэнэ. Би-вээр Охрид нуурын гурван хөргийг сэтгэлдээ зурж, шүлэг таталбарлаж явав л...
1.
Өглөө эртийн Охрид нуур
Үзэсгэлэнтэй,
Өнгө нь биндэрьяатна
Ус нь болортоно
Ёроолын чулууд нь
Солонгортоно
Тэнгэр тэвэрсэн мандал нь
Цэнхэртэнэ...
 
2.
Өдөр дундын Охрид нуур
“Хүн”-ээр давалгаална
Хар,цагаан,шар толгой
Шомболзоно, 
Үзэсгэлэнт бүсгүйн галбир
Үйс мэт хөвнө
Зөөлөн тэр галбирыг
Цуу урж
Моторт завь чавхдана
Зөрөөд ирж яваа
Усан онгоцны
Дуут дохио
Замхарна...
 
3.
Үдэш оройн Охрид нуур
Долгисно,
Үүлэн сүүдэр сүвэлж
Одод бууна,
Сарны гэгээ
Зурваслаж
Сац бас
Тосгодын гэрэл
Гялбалзана,
Анир гүмийн дунд
Загасны шунгах чимээ
Арилснаа,
Даруй тун тодоор
Дахин сонсогдоно...
 
 
       Хоёр хун , дөврөн бор галуу хөвж явна. Намайг хүзүү сунган сүрхий харна. Хэрэвзэ гараа тэдний зүг сунгах л юм бол   далавчаа сэгсрэн уралдан хөвсөөр ирэх болно. Тэжээвэр юм билээ, амрагчид тийнхүү хооллож байхыг нь олонтаа харсан юм. Тэднийг үймүүлэхгүйг хичээж алхсаар Дрим голын гүүрэн дээр ирлээ. Уулын гол болоод урсгал ширүүн, том том чулууд нь боргио үүсгэжээ. Цүнхээл ч харлана. Энэ гол Охрид нууранд цутгана. Струга гэдэг энэ жижигхэн хотыг Охрид нуур, Дрим гол хоёр үзэсгэлэнтэйгээр чимжээ. Хот сэрж байна. Яруу найргийн нийслэл сэрж байна. Дэлхийн яруу найрагчдыг жил бүр урин чуулуулж яруу найргийн баяр хийдэг ийм хот одоогоор орчлонд үгүй юм. Яруу найрагч хүн нэг удаа ч болов ирж, үдшийн хөх сэрмүүнд нь шүлгээ унших ёстой газар мөнөөсөө мөн өө. Ах дүү яруу найрагч Миладонивчууд энэ наадмыг сэдсэнээрээ улс орноо алдаршуулжээ.
Дрим голын модон гүүрэн дээр зогсном
Тийм эртний хөх модон гүүр
Ах дүү хоёр Малидонов
Алхаж явсан гүүр
Гарынх нь хээ
Гарт тэмтрэгдэнэ
Сэтгэлийнх нь цээ
Сэтгэлд мэдрэгдэнэ
Амьд ахуйн үеийнх шиг нь,Дрим гол
Алтан долгис дотроосоо мөнгөн саа сацруулна
Үүсгэсэн найргийн үдшүүд нь уянгалж 
Үүрссэн оддын доор төрөлх Струга нь эгшиглэнэ
Монгани Валли хэмээх алтан титэмт найрагч
Монгол нэрийг минь Африк аялгуугаар дуудна
Мэнд-Ооёотой ярилцаж зогсох тэрбээр
Энд ирээ, зураг татуулья гэнэ
Тив тивийн найрагчид сүлжилдэх
Дрим голын хөх модон гүүр
Македон нутгийн дуртгал бүхнийг бөгтөрч
Надтай цуг эгшиглэн цуурлах бүлгээ
             Эгэл жир ард нь ч шүлэг тууль хайлдаг бидний Монголчууд ийм нэг олон улсын хэмжээний   яруу найргийн наадамтай болвол тун ч сайнсанаа. Одоо ч бид хандивлагчдын чуулганыг л жил бүр хийх юм шив дээ. Нутаг зүгрүү ниссэн нулимст борхон бодлын шувуу эргэж ирэв. Машин тэрэг, хүн зоны хөдөлгөөн өтгөрчээ. Дрим голын шуугиан хотын чимээг дарна. Гүүрэн дээгүүр загасны иж бүрэн хэрэгсэл бэлдэж, уурга мөрлөсөн хөгшчүүд алхана.Ихэнх нь дугуй хөтөлжээ.   Нэг нь миний дэргэд ирээд голруу дэгээ шидэж байна. Хоромхон зуур хоёр ч загас барьчихлаа. Дугуйныхаа суудлын ард бэхэлсэн гялгар торлуу л шидчих юм. Тэнд орсон загас тонгочиж, тонгочиж л хөдлөхөө болчихно, өрөвдмөөрсөн. Тэд нь том биш юм. Гурав дахиа барьж торлуугаа шидчихээд дугуйгаа хөтлөөд хөдөллөө. Тэгсэн сүүлчийн загас нь тонгочсоор байгаад торноос уначихлаа шүү, Македон хөгшин ч эргэж харсангүй. Би гүйж очоод усруу нь аваад шидчихлээ...Загас усруу орохдоо надад “Фола” гэж хашгирах шиг болов. Энд ирээд олонтоо л сонссон үг дээ, харин баяртай билүү, баярлалаа билүү...тэр хоёрын л нэг нь. Аль нь ч байсан яахав,сэтгэл дотор цэлмээд нэг их сүрхий гавьяа байгуулчихсан юм шиг болчухуй. Буудалруугаа алхлаа. Охрид нууранд хүмүүс хэдий нь орж эхэлжээ. Бид ч бас өглөөний зоогоо барьчихаад өдөржин шумбан сэрүүцэх билээ.
            ...Оросын найрагч бүсгүйчүүдтэй нэг ширээнд сууцгаав.Тэд хөгжилтэй сэргэлэн, сэтгэлийн цонх нь нээлттэй, дуу хуур бүжиг наадам болсон улс аж. Нэг нь бүр усан онгоцон дээр бэлдэж ирсэн хөгжмийнхээ ая эгшгэн дээр дуулж бүжиглэн биднийг бүтэн цагийн хөтөлбөрөөр хөгжөөсөн билээ. Ширээн дээр дөрвөлжлөн савалсан 5 литрийн поошигтой улаан, цагаан дарс байх бөгөөд ёроолдоо цорготой, цоргондоо нээж хаах чагтан бариултайсан. Бид яруу найргийн төлөө хэдэн ч удаа тулгав. Шүлэг дуу ч өрнөсөн билээ. 80-аад оныхон бид залуудаа оросын найрагчдын шүлгийг их цээжилдэг, уншдаг ч байж . Тэр цагийн дурсамж амилсан ч биз, дарсны халуунд иссэн ч биз, найргийн дугараанд халсан ч биз ... Нэг мэдэхнээ би “... Шаганэ, ты моя, Шаганэ...” гээд уншиж эхлэв шүү. Оросын бүсгүй найрагчид түрээгүйсэн бол ганц бадгаас илүү уншихгүй байсан нь тодорхой. Тэртээ 30 –аад жилийн өмнө л цээжилж явсан шүлэгсэн, тэр цагт бас “ ... Я помню чудное мгновенье ...” гэж   зөн ч хархан нүдтэй   охидод зөв буруу дуудлагаар гараа савчин уншиж явсан дүрсгүй цэлмэг нас минь хаа хол, Европ тивийн хормой бэлийн цэнхэр сувд Охрид нуурын эрэгт намайг гүйцэн ирдэг байна шүү. Тэрчлэн бидний ширээнээс “Москва орчмын үдэш” дуу ч бидэр татуулан ниссэн нь бий...Эдүгээ Охрид нуурын эрэг дээрхи тэр дурсгал дүүрэн өдрийн мяндаслаг алтан нарыг сэтгэлд мандааж хаа хол Литва орны тэнгэр доороос И-мейл нэрт жигүүр цэнхэр шувуухай гэрэлтэй үг зууж ирсэн нь ийм ажу.
   Уважаемый Данзангийн, здравствуйте!
   Надеюсь, Вы успешно долетели из Македонии на Родину. 
Я подготовила Вашу подборку для нашего международного поэтического сборника "Планета поэтов 6", но необходима Ваша фотография и краткая биография (на русском языке). Буду очень признательна, если сможете прислать это быстро, т.к. сборник практически готов.
     Была очень рада с Вами познакомиться и сохраняю добрую память о встрече.
      Всего самого светлогов в Вашей жизни!
С уважением,
Татьяна Житкова
        “Струга”-гийн яруу найргийн үдшүүд ийнхүү бүтэн жил үргэлжлэх ажааму. Струга...Энэ үг яруу найрагт хайртай уншигч бүрийн зүрхэнд үүрээ засчээ. Олон хэлийн үндэстэн бүр энэ үгийг янз бүрээр дуудавч “яруу найргийн нийслэл” гэсэн нэгэн ойлголтоор дээдэлнэм. Аяа,Струга, Дрим голын чинь боргион чимээ чихэнд сонсогдож,үзэсгэлэнт залуу бүсгүйчүүдийн чинь мэлмий мэт тунгалаг цэнхэр Охрид нуур цээжний гүнд гэрэлтнэм.
 
      Улаанбаатар-Стамбул-Бишкек- Скопо
     2012.08.23- 08- 28.  
 
 
Зохиолчидтой дөрөө харшуулсан тэмдэглэлүүд номноос
 
 
МОНГОЛ ЭР ЛИЙТЭВ АЛХАНА...
 
 Монгол эр Лийтэв алхана
 Морь л хөтлөөгүй нь тиймхэн ажу   
 
 Улаан залаатай дөрвөн талт малгай духдуулжээ
 Уртаа үсээ гурваар сүлжээд үзүүрт нь сур уяжээ.
 
 Түмэн наст хээ бүхий хөх торгон дээлэн дээр
 Дөрвөн хүчтэн сийлсэн мөнгөн бүс бүсэлжээ
 
 Аяа, донж төгөлдөр хийгээд зохисон гэдэг нь ванлий яа 
 
 Чин дотноор инээмсэглээд мэлмийн гал нь гэрэлтэнэ
 Чингис хааныг товойлгосон алтан зүүлт нь гялбана
 
 Хавтага гэмээ нь хавтага утас ороож оёсон аж
 Гутал гэмээ нь гутал гучин хоёр угалзтай аж
 
 Найргийн наадмын талбар чимж 
 Намдагжанчивын Лийтэв алхана
 
 Чингисийн монгол, Чингисийн монгол алхаж явна... гэж
 Тэнгис зүгийн хэдэн хүүхнүүд хошууран дагана
 
  Хонгор нутгийн хүү чи яасан чиг хол суунам бэ,
  Хоолой дээр зангирч, зүрхэн аглаг хөндүүрлэнэ
 
                                         2011.08. 25.Струга хот. Македон улс.

 

 
Охршд нуурын гурван зураг
 
1.
Өглөө эртийн Охрид нуур
Үзэсгэлэнтэй,
Өнгө биндэрьяатна
Ус нь болортоно
Ёхоолын чулууд нь
Солонгортоно
Тэнгэр тэвэрсэн мандал нь
Цэнхэртэнэ...
 
2.
Өдөр дундын Охрид нуур
“Хүн”-ээр давалгаална
Хар,цагаан,шар толгой
Шоиболзоно, 
Үзэсгэлэнт бүсгүйн галбир
Үйс мэт хөвнө
Зөөлөн тэр галбирыг
Цуу урж
Моторт завь чавхдана
Зөрөөд ирж яваа
Усан онгоцны
Дуут дохио
Замхарна...
 
3.
Үдэш оройн Охрид нуур
Долгисно,
Үүлэн сүүдэр сүвэлж
Одод бууна,
Сарны гэгээ
Зурваслаж
Сац бас
Тосгодын гэрэл
Гялбалзана
Анир гүмийн дунд
Загасны шунгах чимээ
Арилснаа,
Даруй тун тодоор
Дахин сонсогдоно...
 
ДРИМ ГОЛЫН ГҮҮРЭН ДЭЭР
Дрим голын модон гүүрэн дээр зогсном
Тийм эртний хөх модон гүүр
Ах дүү хоёр Малидонов
Алхаж явсан гүүр
Гарынх нь хээ
Гарт тэмтрэгдэнэ
Сэтгэлийнх нь цээ
Сэтгэлд мэдрэгдэнэ
Амьд ахуйн үеийнх шиг нь
Дрим гол
Алтан долгис дотроосоо
Мөнгөн саа сацруулна
Үүсгэсэн найргийн
Үдшүүд нь уянгалж 
Үүрссэн оддын доор
Төрөлхи Струга нь эгшиглэнэ
Монгани Валли хэмээх алтан титэмт найрагч
Монгол нэрийг минь Африк аялгуугаар дуудна
Мэнд-Ооёотой ярилцаж зогсох тэрбээр
Энд ирээ, зураг татуулья гэнэ
Тив тивийн найрагчид сүлжилдэх
Дрим голын хөх модон гүүр
Македон нутгийн дуртгал бүхнийг бөгтөрч
Надтай цуг эгшиглэн цуурлах бүлгээ
Нийтэлсэн: Д.Нямаа

Эгшиглэнт “Струга”-гийн тэмдэглэл   
Үзсэн: 6572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй