Шууд Chart

М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа

2019-01-10 18:28:04

УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр:

-Жагсаж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу би уулзаж, тэдний санал бодол, шаардлагыг нь сонссон. Өмнөх буюу 2018 оны 12 дугаар сарны 27-ны өдөр болсон жагсаалаас надад ирүүлсэн 4-5 зүйл бүхий шаардлагын хариу тайлбарыг бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулсан. Гэвч тэд шаардлагынхаа хариутай танилцахгүй, хариуг хүлээж авахгүй гэдэг зүйлийг ярьсан.

УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудал хуулийн дагуу байх ёстой. УИХ-ын гишүүдийн тавьсан шаардлагыг Төрийн байгуулалтын байнгын хороо хуульд нийцээгүй учраас уг асуудлыг хэлэлцэж, ярилцах боломжгүй байна гэдэг дүгнэлт гаргасныг та бүхэн мэдэж байгаа байх. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг санаачлаад явж байгаа. Төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу УИХ-аар хэлэлцүүлээд явж байна. Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа.

-Сая таны өрөөнд яг юу болсон юм бэ?

-Орж ирсэн улсууд нэлээн бухимдалтай байсан. Би үүнийг ойлгож байгаа. Гадаа ч иргэд, олон нийт бухимдалтай байна. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлтэй эдийн засгийн нөхцөл байдлыг УИХ, Засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулж, түргэн шуурхай шийдэх хэрэгтэй. УИХ-аар шийдвэрлэх гээд 9 удаа хойшилсон хуулиудаа хэлэлцэж, иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа асуудлыг шийдэх ёстой. Тиймээс УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад гишүүд анхаараасай гэж хүсэж байна.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал яригдах уу?

-Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд хурал зарласан. Би тэр хурал руу орох гээд явж байна.


М.Энхболд: Би Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй