Шууд Chart

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

2019-01-17 14:26:43

Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж, Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэлцэх асуудлын дараалалд орсон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын санал гаргасан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжлээ.

Дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичигт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан тул бүлгээс гарсан болохыг мэдээлж өгөхийг хүссэнийг уншиж танилцуулав.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаал, цуглаантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан хэлэлцэж батлахыг Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Энэ үндсэн дээр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авав. Дараа нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувь нь дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ, бид ардчилсан улс оронд амьдарч байгаа. Ардчилсан улс гэдгээ, хууль эрх зүйт төртэй улс гэдгээ дэлхий даяар зарласан улс шүү дээ.

Сүүлийн үед болж байгаа үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж байна. Энэ бол буруу. Энэ бол улс орны цаашдын хувь заяатай холбоотой, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдалтай холбоотой, ерөөсөө Монгол Улс дэлхийн тавцан дээр яаж харагдах уу, яаж үнэлэгдэх үү гэдэгтэй шууд холбогдох асуудал шүү.

Төрийн өндөр алба хашиж байгаа Улсын Их Хурлын гишүүн, хууль тогтоох дээд байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон хүмүүс хүртэл хууль хэрэггүй гэж ярьдаг байдлаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалтын дагуу л явах ёстой. Ёс зүйтэй байя гэвэл бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой шүү. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна гэлээ.


Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй