Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал хүргүүллээ

2019-01-22 15:59:10

АЛБАН БИЧИГТ:

Улсын Их Хурлын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулан, хаврын чуулган хүртэл хүлээлгэхээс өөр аргагүйд хүрч байна.

Төрийн эрх барих дээд байгууллага ийм үр дүнтэй ажиллаж байгаа нь сахилга, хариуцлагыг бүх түвшинд алдагдуулж, нийгмийн хөгжлийг сааруулах, аливаа бэрхшээлийг гааруулах шалтаг, гол шалтгаан болохоос гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн …сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна” гэснийг тус тус зөрчих нөхцөлд хүрнэ.

Хууль тогтоох, хэрэгжилтийг нь хянан шалгах, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох зэрэг онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг төрийн эрх барих дээд байгууллага маань баталсан хууль, тогтоомжоо үлгэрлэн хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллах ёстой. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хурал 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 69 дүгээр тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, зохих түвшинд нь хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” гэжээ. 


Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах санал хүргүүллээ  
Үзсэн: 1452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй