Шууд Chart

УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа

2019-01-25 10:53:29

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.  

“УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “Монгол УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “УИХ-ын гишүүдийн олонхи УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон” гэж заасны дагуу Монгол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн оруулж байна.

Монгол УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Монгол УИХ-ын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-т зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Албан бичигт УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан байна. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцэх горимд оруулахын тулд УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 13 цагт зарласан болохыг мэдэгдлээ. Мөн тус хуулийн төслийг ирэх 7 хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар хэлэлцэх боломжтойг хэллээ.


УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг өргөн барилаа  
Үзсэн: 740 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй