Шууд Chart

Төрийн албан хаагчийн төлөөллийг тодруулах сонгон шалгаруулалтын дүн гарчээ

2019-01-26 07:40:58

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор байгуулсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан оролцогчдоос энэ сарын 25-ны өдөр ярилцлагын шалгалт авч, дүнгээ гаргажээ.

Ярилцлагад орсон 8 оролцогчоос Д.Зүмбэрэллхам 113.10 оноо, Д.Баатарсайхан 89.78 оноо авчээ. Тэдний нэрийг комиссоос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аар хэлэлцэн баталбал төрийн албан хаагчийн төлөөлөл болж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллах юм. “Төрийн албаны тухай” шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байх бөгөөд тэдний 2 нь төрийн албан хаагчдыг төлөөлнө.

Сонгон шалгаруулах комисст УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Э.Түвшинжаргал (дарга), Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны ахлах референт А.Амармэнд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранцэцэг, Удирдлагын академийн дэд захирал Ш.Батсүх, Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нар ажилласан юм.


Төрийн албан хаагчийн төлөөллийг тодруулах сонгон шалгаруулалтын дүн гарчээ  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй