Шууд Chart

“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна

2019-02-17 13:20:00

Өчигдөр Франц орон даяар “шар хантаазтан”-уудын эсэргүүцлийн давалгаа үргэлжилж, 40 гаруй мянган хүн оролцжээ. Францын Дотоод яамны мэдээгээр, өчигдрийн жагсаал цуглаанд улс орон даяар 41 мянга 500 хүн оролцсоны 5000 орчим нь Парис хотод болсон эсэргүүцэлд оролцжээ.

"“Шар хантаазтан”-уудын эсэргүүцэлд оролцогчдын тоо өмнөхийг бодвол цөөрч байна. Өнгөрсөн бямба гарагт 51 мянга гаруй хүн оролцсон бол энэ удаагийн эсэргүүцэлд 41 мянган хүн оролцсон" гэж “Ля Монд” сонин мэдээлж байна.

Парис хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд 5000 орчим хүн оролцож, цагдаа болон жагсагчид хооронд мөргөлдөөн болсон байна. Хууль сахиулагчид 23 хүнийг саатуулж, 15-ыг нь баривчилжээ.

Руан хотод болсон томоохон жагсаалын үеэр дөрвөн хүн жагсаалыг тойрч гарах гэсэн машинд мөргүүлж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Лион, Марсель, Тулуз хотод эсэргүүцлийн жагсаалд оролцогчид “Биднийг зөвхөн үхэл л зогсооно” гэсэн уриа, лоозон барьсан байжээ. Лилль хотод болсон жагсаалд оролцогчид Ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцрохыг шаардаж байжээ. 

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, ус шүршигч ашигласан байна. Францын тэргүүн хатагтай Брижит Макрон эх орон нэгтнүүддээ хандаж, эвлэрэхийг уриаллаа. Тэрбээр “Бидэнд харилцан ярилцах, эвлэрэн нэгдэх явдал шаардлагатай байна. Бидэнд хийх зүйл их байна. Иймээс бид ихийг хийхийн тулд хамт байх ёстой. Үүнд би итгэлтэй байна” гэж Францын тэргүүн хатагтай сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.

Өчигдөр болсон жагсаалын өмнө “Шар хантаазтан”-уудын албан бус удирдагчид гэгддэг Эрик Друэ, Кристоф Детенже нарын хэргийг шүүх хэлэлцсэн байна. Шүүхийн эцсийн шийдвэр ирэх сарын 29-нд гарах юм.

Улс төр судлаачид “Шар хантаазтан”-уудын эсэргүүцэл үргэлжилж байгааг Засгийн газарт урьдын адил эсэргүүцэгчдэд хэлэх зүйл байхгүй байна гэдгээр тайлбарлаж байна. “Шар хантаазтан”-ыыдын эсэргүүцэл эхлээд өнөөдөр яг гурван сар болж байна. Анх энэ эсэргүүцэл бензин, шатахууны үнийн өсөлтийн эсрэг байсан бол нийгэм-эдийн засгийн, сүүлдээ бүр улс төрийн шаардлага тавих хүртэл өргөжөөд байна. 

Нийтэлсэн: Т.Цогтоо

“Шар хантаазтан"-уудын эсэргүүцэл үргэлжилсээр байна  
Үзсэн: 1746 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй