Шууд Chart

Нас барсан хүний нэр дээр компани шилжүүлсэн байжээ

2014-02-11 12:43:38

Нас барсан хүний нэр дээр компани шилжүүлж 4.7 тэрбум төгрөгийн татварын өрөөс зугтаж байгаа баримтыг эх сурвалжууд мэдээлж байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нас барсан н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйн нэр дээр түүнийг нас барнаас хойш хоёр сарын дараа буюу 2013 оны зургадугаар сард “Эйнако” гэх компанийг шилжүүлсэн байна. Шилжүүлсэн хүн нь нас барсан эмэгтэйн дүү иргэн н.Эрдэнэ-Отгон гэдгийг бэлэглэлийн гэрээнд дурджээ. Улмаар компани нас барсан эмэгтэйн нэр дээр бүртгэгдсэний дараа хэн гэдэг нь тодорхой бус этгээдүүд тус компанийн нэрээр 47 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн нэмүү өртгийн албан татвараас зайлсхийх болсон байна. Үүсээд байгаа нөхцөл байдал нотариат цаашлаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтан албан хаагчид яаж ажилладагийг үнэн төрхөөр нь харууллаа гэж эх сурвалжууд шүүмжиллээ.
 
Энэ талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дарга Ц.Амартайвангаас тодрууллаа.
-Энэ н.Эрдэнэчимэг гэдэг хүн 2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд нас барчихаад байхад зургадугаар сарын зургааны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр талийгаачийг захирлаар нь бүртгээд компани байгуулчихсан байгаа юм. Үүнийхээ дараа 2013 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст 47 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг цахим тайлангаар явуулсан байна. Тэгэхээр энэ бол улсад 4.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учруулсан гэсэн үг. Бид нар үүнийг шалгаад үзэхээр захирал Т.Батзориг гэдэг хүн н.Эрдэнэ-Отгон гэдэг хүнд компаниа шилжүүлээд өгсөн гэсэн нотариатын гэрчилгээ нь байсан. Тэгээд н.Эрдэнэ-Отгон гэдэг хүн болохоор манай дүү мэдэж байгаа гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Бид  цагдаагийн байгууллагад өгсөн ч одоог хүртэл шийдэгдээгүй байна.
 
"Эйнако" компани 2008 онд анх байгуулагдсанаасаа хойш эзэмшигч удирдлагууд нь хэд хэдэн удаа солигдож эцэс сүүлд нь нас барсан хүний нэр дээр шилжсэн нь энэ ажээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийхийн тулд зохион байгуулалттай ажиллаж байж болзошгүй аж. Тэгвэл нас барсан хүний нэр дээр компани бүртгүүлж байхад УБЕГ-ынхан юу ч анзаарсангүй юу. Бид тус байгууллагын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Я.Сүрэнгээс энэ талаар тодрууллаа.
 
УБЕГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн ахлах бүртгэгч Я.Сүрэн:
-Тухайн  үед ийм асуудал гарсан. Гэхдээ манайх бүртгэхдээ иргэний бүртгэлийн программаас шууд татаж оруулдаг учраас нас барсан хүний нэр иргэний бүртгэлээс хасагдаагүй бол шууд бичигдэнэ. Бас манай программ дээр сая бага зэрэг асуудал байсан юм билээ. Өнгөрсөн аравдугаар сард программын асуудлыг шийдсэн учраас одоо дахиж нас барсан хүнийг бүртгэх асуудал гарахгүй.
 
Нас барсан хүний нэр дээр "Эйнако" компанийг бүртгэсэн ажилтан нь УБЕГ-ын ажилтан н.Чулуунтуяа. Түүнээс авсан ярилцлагын дэлгэрэнгүйг бид маргааш  нийтлэх болно.
 

Нас барсан хүний нэр дээр компани шилжүүлсэн байжээ   
Үзсэн: 1818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.55.xxx [203.169.55.xxx] 2014-02-12 11:38
Дэлхийд эрүүл мэндийн аялал жуулчлалаараа тэргүүлэгч “Принц Корт” эмнэлэгт урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд хамрагдангаа Малайз орноор аялах орчуулагч, хөтөчтэй групп аялалд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг contact@gratusmed.mn хаягаар холбогдож авна уу. Утас: 70110652, 91140652
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-02-12 11:22
kkkkkk

Бидэнтэй нэгдээрэй