Шууд Chart

УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив

2019-05-07 16:28:28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Уг тогтоолын төсөлд Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, Нарийн сухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж, экспортлох шинэ гарцыг нээснээр манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэх аж. Тээврийн өртөг 2-4 дахин буурахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжрах зэрэг олон талын ач холбогдолтойг танилцуулгад дурдав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тавантолгой-Гашуунсухайтаас баруун тийш 46.2 км уурхайн зориулалттай төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд тус ордод олборлолт хийж буй 6 компани хамтран бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм байна. Холбогдох шийдвэр гарсан тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэлээ. 

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий шийдвэр гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 90 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 


УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахыг дэмжив   
Үзсэн: 1589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй