Шууд Chart

Умард Солонгост хүнсний ноцтой хомстол үүсэх эрсдэл нүүрлээд байна

2019-05-16 15:05:51

Умард Солонгос улс сүүлийн 40 жилд тохиож байгаагүй их ган гачгийн улмаас хүнсний ноцтой хомстолд орох эрсдэл нүүрлээд байна. Энэ тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг лхагва гарагт мэдээллээ.

Оны эхний таван сарын байдлаар энэ улсад дунджаар 54,4 миллиметр хур тунадас оржээ. Энэ нь 1982 оноос хойших хамгийн бага түвшин юм гэж “Ассошэйтед Пресс” агентлаг мэдээлж байна.

Ган гачиг тавдугаар сарын сүүлч хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Умард Солонгосын засаг захиргаа усны шинэ эх үүсвэр олж, усалгааны тоног төхөөрөмж, насосуудаа ажиллагаанд оруулж, хөдөө аж ахуйд учрах хохирлын хэмжээг бууруулахаар ажиллаж байна гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээллээ.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас саяхан Умард Солонгос улсын 10 гаруй сая хүн өлсгөлөнгийн аюулд орсон тухай тайлан гаргасан. Харин энэ тайлангийн дараахан ган гачигтай холбоотой мэдээлэл цацагдаж байна. Тус улс сүүлийн 10 жилд авч байгаагүй бага хэмжээний ургац хураан авсан гэнэ.

НҮБ дахь Умард Солонгосын элч Ким Сен өнгөрсөн хоёрдугаар сард хүнсний тусламж яаралтай олгохыг уриалсан мэдэгдэл гаргасан. Энэ үеэрээ хүнсний хомстлыг цаг уурын таагүй нөхцөл байдал, олон улсын эдийн засгийн хоригтой холбон тайлбарлаж байлаа.

Эргэн сануулахад Умард Солонгос улс 1990-ээд оны дундуур их өлсгөлөнд нэрвэгдсэн. Тухайн үед хэдэн зуун мянган хүн өлсгөлөнгийн улмаас нас барсан гэж шинжээчид дүгнэдэг байна.


Умард Солонгост хүнсний ноцтой хомстол үүсэх эрсдэл нүүрлээд байна  
Үзсэн: 1834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-16 16:04
Хомсдол!!!! Зөв бич!
Зочин [127.0.0.xxx] 2019-05-16 17:03
Журмалсан толио үз... Эднийх зөв бичсэн байна

Бидэнтэй нэгдээрэй