Шууд Chart

Ираны гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна

2019-05-17 10:38:13

Ираны гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилж, Америкийн талаас тавьсан хоригуудын талаар хэлэлцэнэ. Жавад Зариф энэ талаар пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Хятадын талаас АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг няцаана гэж найдаж байгаагаа хэлсэн байна.

Ажиглагчдын зүгээс Ираны гадаад хэргийн сайд Жавад Зариф-ын Хятадад хийх айлчлалын гол зорилго 2 улсын харилцааг ойртуулж сайжруулах, АНУ-аас тавьсан хоригоос үл хамааран Хятадад газрын тосны нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ гэсэн баталгаа гаргуулах явдал юм гэж тодорхойлж байна. Иран Америкийн хоорондын зөрчил маргаантай асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Зариф энэ сарын эхээр Орос, Энэтхэг, Япон улсуудад айлчилсан юм.

Түүний Хятадад хийх айлчлалын хүрээнд авч хэлэлцэх Ираны эсрэг тавьсан Вашингтоны хориг шахалтуудын тоонд өнгөрөгч 11 дүгээр сард авсан газрын тосны нийлүүлэлттэй холбоотой арга хэмжээ багтаж байгаа. Энэ хүрээнд Иранаас газрын тос авдгаа зогсоохыг  Америк улс орнуудад тулгасан. Хятад улсын хувьд Ираны газрын тосны хамгийн том импортлогч улс юм. Мөн нөгөө талаар Хятад улс 2015 оны 6 талт цөмийн гэрээнд гарын үсэг зурж оролцсон нэг улс. Үүгээр Тегеран олон улсын хориг арга хэмжээнүүдийг цуцалсны хариуд цөмийн үйл ажиллагаануудаа зогсоох үүрэг хүлээсэн байдаг.

2015 оны цөмийн энэ гэрээнээс гарч байгаагаа зарласныхаа дараа АНУ дэлхийн улс орнуудад хандан Иранаас газрын тос авахгүй байхыг шаардсан. Энэ хориг арга хэмжээнээс 8 улс түр чөлөөлөгдөөд байсан ч, энэ  сараас эхлэн үлдсэн улсууд ч  Тегеранаас газрын тос авахаа зогсоо гэж анхааруулаад байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Иран улс цөмийн гэрээгээр хүлээсэн үүргээсээ хэсэгчлэн татгалзаж байгаагаа 7 хоногийн дундуур зарлаад байна.


Ираны гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй